Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад ашиглагдах газарт байрлах ажиглалтын анхдагч болон хоёрдогч радиолокатор, автомат хамааралтай ажиглалтын ADS-B болон ADS-C, тооцоот ажиглалтын MLAT систем (RADAR, ADS-B, ADS-C (FANS-1A), M-LAT)-үүдийг агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд өргөн ашиглаж ирсэн. Орчин үед дээрх олон төрлийн ажиглалтын тоног төхөөрөмжийн мэдээллүүдийг нэгтгэн боловсруулж Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлага болон эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглаж байгаа нь үр дүнгээ өгсөөр байна.
Далайн болон дэд бүтэц муутай өргөн уудам газар нутгийн агаарын орон зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хувьд нам орбитын хиймэл дагуулд суурилсан ажиглалын (tracking) системийг ашиглах нь хамгийн тохиромжтой юм.
Агаарын навигацийн үйлчилгээний компаниуд хамтран (NAV CANADA, ENAV, NATS, Irish Aviation Authority (IAA), Naviair, бас Iridium Communications,) Иридуим хиймэл дагуулын системд суурилсан сансрын холбооны ADS-B системийг хөгжүүлэх зорилгоор Aireon компанийг үүсгэн байгуулсан. Энэхүү сансрын холбооны ADS-B систем нь орчин үеийн шинэ техник технологийг шингээсэн найдвартай, үр ашигтай системд тооцогдож байгаа бөгөөд Aireon компани дэлхийн тойрог замын 11 орбитод нийт 66 хиймэл дагуулыг байрлуулж, дэлхийг бүрэн хамарсан бүрхэлтийг үүсгээд байгаа билээ.
Энэхүү сансрын холбооны ADS-B системийг дэлхийн зарим улс орнууд Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлага, Эрэн хайх авсан туслах үйлчилгээ, Агаарын тээвэрлэгчдийн дотоод хэрэгцээ болон Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлт хийх гэх мэт олон чиглэлээр ашиглаж эхлээд байгаа. Эдгээр байгууллагын төлөөлөгчид 2018 оны 07 сарын 05-06 ны хооронд ИНЕГ-т хүрэлцэн ирж ажил хэрэгч уулзалтууд зохион байгууллаа.