Монгол улсын ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо хоорондын Агаарын навигацийн үйлчилгээний хамтын ажиллагааг дүгнэх, өргөжүүлэх зорилготой “Mongolia-China CNS/ATM coordination meeting” ажлын уулзалт 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэхүү ажлын уулзалтыг ИНЕГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/463 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулах бөгөөд уулзалтаар дараах ажлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд:
• Хоёр улсын агаарын навигацийн үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээлэл, санал солилцох;
• Нислэгийн хөдөлгөөн удирдах бүсийн төвүүд хоорондын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор AIDC буюу тоон өгөгдлийн холбоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
• Бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа автомат хамааралтай ажиглалтын /ADS-B data sharing/ мэдээлэл солилцох үйл ажиллагааны хэтийн төлөвлөлт талаар хэлэлцэх;
• ATN сүлжээний техник холболтын туршилтын үйл ажиллагааны талаар хэлэлцэж хэтийн төлөвлөгөөг гаргах;
• Шинээр агаарын хаалга, агаарын зам нээх ажлыг хэлэлцэх;
• Нислэгийн хөдөлгөөний урсгал, төлөвлөлт /Cross border ATFM/-ийг хэрэгжүүлэх, өгөгдөл солилцох боломжийг бий болгох талаар хэлэлцэх;
• Хүний нөөц, сургалтын чиглэлээр хамтран ажиллах;
• Хөрш зэргэлдээ бүсийн удирдлагын төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, батлах.
Ажлын уулзалтаар гарсан санал, дүгнэлт, шийдвэр зэргийг агаарын навигацийн үйлчилгээний бодлого, төлөвлөлттэй уялдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хөрш зэргэлдээ нислэгийн хөдөлгөөний удирдах төвүүд хоорондын харилцан ажиллагааг дээшлүүлэх чухал ач холбогдол юм.