Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар/ГЗБГЗЗГ/ болон Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын хамтын ажиллагааны хүрээнд нисэхийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахад нэн чухал шаардлагатай байрлалд тулгуурласан орон зайн мэдээлэл/өгөгдлийг цуглуулах, солилцох болон олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-аас өөрийн гишүүн улсуудад тавьсан геодези, зураг зүйн шаардлагуудыг хамтран хэрэгжүүлэх зорилгоор олон ажлыг амжилттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Үүний нэг томоохон жишээ нь ГЗБГЗЗГ-аас ИНЕГ-ын хүсэлтийн дагуу нисэхийн үйл ажиллагаанд ашиглах байрлалд суурилсан орон зайн мэдээлэл/өгөгдлийг шалгаж, баталгаажуулан улсын нэгдсэн санд хүлээн авсан явдал юм. Ингэснээр олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагын дагуу бүрдүүлсэн, улсын мэргэжлийн байгууллагаас баталгаажуулсан, агаар-сансраас авсан өндөр нарийвчлал бүхий зураглалыг нисэхийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой боллоо.
ИНЕГ нь Монгол Улсын агаарын орон зайд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэг хүлээдгийн хувьд дээрх баталгаажсан, шаардлага хангасан, үнэн зөв, сүүлийн үеийн бодит мэдээлэл агуулсан агаар-сансрын зураглалын тусламжтайгаар нислэгийн үе шат бүрд тохирсон мэдээллийг боловсруулж, олон улсын болоод дотоодын авиа компаниуд, нисгэгчдэд түгээж агаарын хөлгийн аюулгүй, үр ашигтай ажиллагааг ханган ажиллахад томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, төсвийн давхардал үүсэхээс сэргийлэх, мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, орон зайн мэдээлэл/өгөгдөл цуглуулах, солилцох хэрэгцээ шаардлага байгаа тул талууд санал нэгдэж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан шуурхай ажиллаж байна.
Агаарын тээврээр зорчигчдынхоо нэрийн өмнөөс нисэхийн аюулгүй ажиллагааг ханган, агаарын мөнгөн хөлгөөр амар тайван зорчиход үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж буй ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг тэргүүтэй баг хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Нийтлэгдсэн 2018-08-22