ИНЕГ-ын Төсөл хөтөлбөрийн хэлтэс, түүний харьяа Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албанаас “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн зорилтод туссан ажлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.3.1, 3.3.2, 3.3.3-т тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх журам”-ын төсөл болон Ил харааны нислэгийн газрын зургийн төслийг боловсруулаад байгаа.
ИНЕГ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/427 дугаар тушаалаар батлагдсан “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ын танилцуулга болон “Хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх журам”, Ил харааны нислэгийн газрын зургийн төслүүдэд санал авах үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт оролцогчид “Хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх журам”-ын төсөлд саналаа хэлж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулж, цаашид агаарын зайн зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулж хялбаршуулах, ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаанд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлж, ашиглалтыг хялбаршуулах, “Ил харааны нислэгийн газрын зураг”-т оруулах мэдээллийг хэрэглэгчид мэдээлэх тогтолцоог бий болгох, холбогдох баримт бичиг, гарын авлагаар хангах талаар нээлттэй хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт ИНЕГ-ыг төлөөлж Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газар түүний харьяа Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Төсөл хөтөлбөрийн хэлтэс түүний харьяа Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба, хувийн хэвшлийг төлөөлж “Хүннү Эйр”, “Аэромонголиа”, “Изинис Эйрвэйз”, “Скай Такси”, “Young Eagle General Aviation”, “Вельтал-Авиа Стар”, “Геосан”, “А-Жет Авиэйшн” “Томас Эйр”, “Блю Скай Авиэйшн”, “Мак Авиэйшн”, “X-team club”, “Sky friends” “Монголын Ерөнхий Зориулалтын Агаарын Тээврийн Холбоо”, “Монголын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо, “Монголын Залуу Нисгэгчдийн Холбоо” оролцлоо.