Түүхт 60 жилийнхээ ойг тэмдэглэж буй Увс аймгийн “Дэглийн цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэхээр боллоо.
Увс аймагт нисэх буудал байгуулагдсаны 60 жилийн ойн баярын үеэр явгалах замын өргөтгөлийн ажлын шавыг тавьж, ИНЕГ-ын харъяа Нисэх буудлуудын удирдах газар/НБУГ/-ын дарга Д.Эрдэнэбаатар, Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Явгалах замын өргөтгөлийн ажлыг 11 дүгээр сард дуусган ашиглалтад өгөх юм.
1958 оны 04 дүгээр сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 112 дугаар тогтоолоор иргэний зориулалтын нислэг үйлдэх чиглэлүүдийг тогтоож, тогтмол нислэг үйлдэж эхэлсний нэг нь Увс аймаг байсан бөгөөд нисэх буудлын хамт олон түүхт ойгоо угтан “60 бүтээлч ажил” аян өрнүүлж, нисэх буудлынхаа гадна гэрэлтүүлгийг сайжруулах, түүхэн өрөө тохижуулах зэрэг ажлуудыг өөрсдийн хүч бололцоогоор хийж гүйцэтгэсэн байна. Мөн үе үеийн ажилтан, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж, нисэх буудлынхаа 60 жилийн түүхийн номын эхний хэсгийг эмхэтгэн гаргажээ.
ИНЕГ-аас тус нисэх буудалд шаардлагатай байсан технологийн автомашиныг асуудлыг шийдвэрлэж, НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар ойн баярын хурал дээр түлхүүрийг нь гардуулан өгч, нисэх буудлын хамт олонд ажлын амжилт хүслээ.
Нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын статустай нисэх буудал болгох асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ба энэ нь бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн салбарт ихээхэн ач холбогдолтой ажил болох юм.
Нийтлэгдсэн 2018-08-22