Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 09 өдрийн 170 дугаар тушаалаар “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталлаа.
Монгол Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 1.2.9, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.119 дэх зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан юм.
Энэхүү хөтөлбөрийг 2018-2022 онд нэг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалт сайжирч, аж ахуйн нэгж, иргэдэд ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэх, бага оврын агаарын хөлгийн хөөрч буух зурвас, вертодромын тоо нэмэгдэж, аялал жуулчлал, уул уурхай, бизнесийн нислэг болон эйр такси үйлчилгээ өргөжиж, салбарт иргэний нисэхийн салбарын үзүүлэх бодит үр ашиг өсөх, ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцэд суурилсан, олон улсын стандарт шаардлагыг хангасан, бүс нутгийн хэмжээнд сургалт зохион байгуулах хүчин чадал бүхий сургалтын төв байгуулж, боловсон хүчин бэлтгэх боломжтой болох, дотооддоо бага оврын агаарын хөлөг угсарч үйлдвэрлэх үйлдвэрлэл хөгжиж, засвар үйлчилгээний сүлжээ өргөжин хөгжих, иргэд хувийн хэрэгцээнд агаарын хөлөг авч ашиглах, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээгээ хангах боломж бүрдэж, хувь хүн төдийгүй хувийн хэвшлийн бизнесийн нислэг, үйл ажиллагаа өргөжиж, орчин үеийн үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлэх зэрэг олон үр дүн гарна гэж үзэж байгаа юм.