Монгол улсын ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо хоорондын Агаарын навигацийн үйлчилгээний хамтын ажиллагааг дүгнэх, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Mongolia-China CNS/ATM Coordination meeting” ажлын уулзалт 08 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай боллоо.
Энэхүү ажлын уулзалтыг ИНЕГ-ын даргын 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн А/463 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг зохион байгуулж, ажлын уулзалтаар дараах ажлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд:
- БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны саналын дагуу 2 улсын хил дээр шинээр агаарын хаалга нээх ажлыг БНХАУ-ын төлөөлөгчид эрчимжүүлж энэ оны сүүл гэхэд шинэ агаарын хаалганы талаар тодорхой хариуг Монгол улсын ИНЕГ-т мэдэгдэхээр болсон.
- БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь Монгол улсын ИНЕГ-тай ATN/AMHS туршилтын 2 дахь шатыг үргэлжүүлэн явуулахаар болсон.
- Монгол улсын ИНЕГ нь БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчооны харьяа Бээжин Бүсийн удирдлагын төв болон Улаанбаатар бүсийн удирдлагын төв хооронд өгөгдөл солилцох AIDC системийн туршилтын ажлыг энэ оны 9 сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү туршилт амжилттай явагдсаны дараа, БНХАУ-ын Ланжоу Бүсийн удирдлагын төв болон Улаанбаатар бүсийн удирдлагын төв хооронд AIDC системийн туршилтын ажлыг эхлүүлэхээр харилцан тохиролцсон.
- Монгол улсын ИНЕГ-ын харьяа Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоотой нислэгийн урсгал төлөвлөлтийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж, туршлага солилцохоор болсон.
- Монгол улсын ИНЕГ нь БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоотой хамтран 2018 оны 07-р сарын 09-ны өдрөөс 08-р сарын 11-ны өдрийн хооронд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нийт 60 бүсийн ажиглалтын болон ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагчдыг БНХАУ-ын Гуанжоу хотын Нисэхийн сургалтын төвд сэргээх сургалтад амжилттай хамруулсан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын Нислэгийн хөдөлгөөний менежментийн товчоо нь цаашид Монгол улсын ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын харьяа албадын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах бүрэн боломжтой тухай дурьдаж, тухайн сургалтуудыг зохион байгуулахад хамтран ажиллахаар болсон.
- Хөрш зэргэлдээ бүсийн удирдлагын төвүүд хоорондын харилцан ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан.
Дараагийн хамтын ажиллагааны хурал нь БНХАУ-ын Chengdu хотноо 2019 оны 10 сард зохион байгуулагдахаар болж энэ удаагийн уулзалт амжилттай өндөрлөлөө.