1958 онд хуралдсан МАХН-ын 12-р хуралд “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын нэг бол иргэний агаарын тээвэртэй болсон явдал юм.” гэж тэмдэглэжээ. Иргэний агаарын тээвэр энэ онд 14 Ан-2 онгоц, 7 Ил-14 онгоц тээврийн зориулалттай нийт 21 онгоцтой болж, Г.Раднаа даргатай Ил-14 онгоцны I эскадриль, Ж.Очирсуурь даргатай тээврийн II эскадриль 11605 зорчигч, 363700 кг ачаа шуудан тээвэрлэж байв. 1958 оны 6-р сар гэхэд нисэх 5-р отръяд Буянт-Ухаад бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжиж, аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжиж байв. 1958 оны эхээр нисгэгч Б.Дашдорж, Д.Даваадорж, Ц.Өлзийтогтох, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын Ил-14 онгоцны баг Москва-Улаанбаатарын анхны олон улсын нислэгийн үүргийг гүйцэтгэжээ. 1958 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд Иргэний Агаарын харилцааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 04 дүгээр сарын 25-ны 112 тоот тогтоолоор агаарын харилцааны дүрмийг, мөн тээврийн 1 цагийн хөлсний тарифийг баталж, Ил-14 онгоц – 1800 төгрөг, Ан-2 онгоц – 600 төгрөг, Як-18, Як-12 онгоц – 270 төгрөгөөр тогтоожээ. Агаарын харилцааны төв, хөдөөгийн салбаруудад мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдаж байсан тул гадаад, дотоодод нисэхийн мэргэжлээр бэлтгэгдсэн бэлтгэл хүмүүсээ олон тоогоор татаж, нисэх онгоцны 5-р отръядын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Нисэх онгоцны төв буудлыг харъяалуулж, нисгэгч, техникч нарыг мэргэжлийн зэрэгтэй болгох, мэргэжлийн хүмүүст халуун хоол олгож байхаар тогтоожээ. Мөн тус онд Ховдын Булган суманд анхны холбооны релейны станц байрлуулж, Улаанбаатарт холын привод станцыг тавьжээ. 1958 оны 04 дүгээр сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Агаарын тээврийн ажиллагааг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол гарган уг тогтоолд “тус улсын нисэх онгоцны хүчин чадал дотоодын ба олон улсын шугамд үйлчлэх бололцоотой байна” гэж тэмдэглээд цааш нь улсын хамгийн алслагдсан нутагт хүмүүс, ачаа, шууданг онгоцоор хүргэдэг болох зорилтыг тавих, агаарын тээврийн, эмнэлэгийн түргэн тусламж, ой хээрийн түймэр, хөдөө аж ахуйн хортонтой тэмцэх, байгаль хамгаалах зэрэг зориулалтаар өргөн ашиглах шаардлага тавигдаж байгааг цохон дурджээ.
Монгол Улсын анхны Олон улсын нислэг. Агаарын харилцааны дүрэм, тээврийн 1 цагийн хөлсийг батлав. Анхны нисэх клуб, Агаарын харилцааны хэлэлцээр /БНХАУ/, Ерөнхий зориулалтын агаарын тээвэр