Сумдын нислэг, Агаарын шинэ шугам
1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор Ховдын Булган сум, Хөвсгөлийн Мөрөн хотоос Хатгал, Ханх суманд нислэг үйлдэх агаарын шинэ шугам нээжээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 02 дугаар сарын 07-ны тогтоолоор Говь-Алтай аймгийн Биж-Алтай суманд шаардлагатай үед онгоц явуулж, хүн тээвэрлэж, шуудан ачаа хүргэж байхаар шийдвэрлэжээ. 1960 оны эцэс гэхэд Монгол Улсын 15 гаруй суманд иргэний агаарын тээвэр үйлчилж, 1960 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн онгоцны буудлуудад Ан-2 онгоц байрлаж, сумдын хооронд шуудангийн нислэг хийж эхэлжээ. 1960 оны 5-р сард Агаарын химийн нислэгийг анх удаа Монгол оронд хийжээ. Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 09 дүгээр сарын 27-ны 420 тоот тогтоолоор Улаанбаатарын Буянт-Ухаагийн аэродромын нисэх буух талбайг цардах тухай шийдвэр гаргаж, төв аэродромыг 1961 оны 06 дугаар сарын 20-ны дотор барьж дуусгах, уулын локаторыг Богд уулын 1700 тоот өндөрлөгт суурилуулж байрлуулах тухай шийдвэр гаргажээ. Суурь тавих ёслолын ажиллагаанд нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар оролцсон байна.