ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныхан Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо албан томилолтоор ажиллаад ирлээ.
Энэ үеэр БНЧУ-ын Тээврийн яаманд ажиллаж тус улсын Иргэний нисэхийн газрын захирал Зденёк Елинектэй уулзан Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулж улмаар үндсэн 7-н зорилтын хүрээнд хамтран ажиллах, ялангуяа БНЧУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, БНЧУ-ын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж сургалт зохион байгуулах, туршлага авах, Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах талаар ярилцжээ.
Түүнчлэн Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэл эхлүүлэхэд эрх зүйн таатай орчин байгаагаас гадна цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломж өргөн байгаа талаар нээлттэй санал солилцсон байна. БНЧУ-ын Тээврийн яамны зүгээс манай “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж хоёр улсын иргэний нисэхийн ерөнхий газрууд, БНЧУ-ын “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” болон Монгол улсын иргэний нисэхийн мэргэжлийн холбоод хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн Чех болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж байгаа тал дээр санал нэгдсэн гэдгийг Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг хэллээ.
Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд БНЧУ-тай хамтран ажиллах зорилтод дараах ажлуудыг тусгасан байна.
1. Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулах,
2. Ерөнхий зориулалтын нисэхийн ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /NGAP/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх,
3. Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туршлага авч хамтран ажиллах, сургалт зохион байгуулах,
4. Агаарын навигацийн үйлчилгээг хялбаршуулах ажлын хүрээнд БНЧУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /ANS/-аас туршлага авах, сургалт зохион байгуулах,
5. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах.
Чехийн Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс дээрх саналуудыг ажил хэрэг болгох тал дээр цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд санамж бичгийн төслөө ойрын хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлхээ илэрхийлжээ.
Чехийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь тусдаа бие даасан статустай үйл ажиллагаагаа явуулдаг ба агаарын навигацийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын хэрэглэгчдэд үзүүлдэг байна. Тус байгууллагын Бизнесийн газрын дарга Лукас Прочазка байгууллагынхаа үйл ажиллагааны талаар болон гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл өгчээ. Энэ үеэр Агаарын навигацийн чиглэлээр Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломж байгаа саналаа илэрхийлэхийн зэрэгцээ, Монголын ИНЕГ-т шинээр ашиглалтад орох Aera Control Center/ACC/-г барьж байгуулах ажилд дэмжлэг үзүүлхээс гадна шаардлагатай сургалт зохион байгуулж хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлжээ.
Тус улсын Агаарын навигацийн институт нь Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын харьяа бөгөөд нислэгийн удирдагч бэлдэхээс гадна хэд хэдэн агаарын хөлгийн маягын зэрэглэл буюу “TYPE RATING”–ийн сургалтад гадаад, дотоодын нисгэгчдийг бэлтгэдэг байна.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба/ЕЗНХА/-ныхан БНЧУ-ын Засгийн газрын “AID FOR TRADE” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, Үйлдвэр худалдааны яамны Эдийн засаг, гадаад бодлогын газрын дэд дарга Петр Куловану, Ази, Африк, Австрали хариуцсан мэргэжилтэн Лаура Српова, “Aid for trade” хөтөлбөрийн зохицуулагч Вилем Пардупски нартай мөн уулзаж Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн асуудлаар танилцуулж цаашид хамтран ажиллах боломж, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих бололцоо, барилга байгууламжийн нөөцийн талаар танилцуулаг хийжээ.
БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны Эдийн засаг, гадаад бодлогын газрын дэд дарга Петр Куловану Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд хамтран ажиллаж Үйлдвэр, худалдааны яамны зүгээс боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс хоёр улсын Иргэнхий нисэхийн ерөнхий газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг зурах, энэ нь цаашдын олон талт хамтын ажиллагааны эхлэл болно хэмээн дурджээ.
БНЧУ-д “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” гэж байдаг. Энэ холбоо нь Тээврийн яамныхаа харьяа үйл ажиллагаа явуулдаг ба хөөрөлтийн дээд жин нь 450 кг-аас ихгүй, бүх хөнгөн болон хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хийж, гэрчилгээжүүлхээс гадна шаардлагатай нислэгийн мэдээлэл, ил харааны нислэгийн зурагууд болон бусад мэдээллийг хэрэглэгчдэд мэдээлэх, агаарын спорт, ерөнхий зориулалтын нисэхийн сэтгүүл, товхимолыг эрхлэн гаргаж байдаг.
Тус холбооны дэд ерөнхийлөгч Камил Вечера Монголын төлөөлөгчдөд холбооныхоо чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, агаарын хөлгийн маягын гэрчилгээжүүлэлт буюу “TYPE CERTIFICATE” олгох үйл ажиллагаа, агаарын хөлөг болон нисгэгч, техникч гэрчилгээжүүлэх явц зэргийг мөн танилцуулсан. Цаашид Чех улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлгийн “TYPE CERTIFICATE”-ийг Монгол Улсад шууд хүлээн зөвшөөрүүлэх гэрээг байгуулж хамтран ажиллах боломж байгаа талаар төлөөлөгчдөд санал тавьжээ. Хамгийн сүүлийн байдлаар БНХАУ нь БНЧУ-ын TYPE CERTIFICATE-ийг шууд хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурсанаар БНХАУ-д бага оврын агаарын хөлөг худалдаж авах сонирхолтой хувь хүн нэмэгдэж байгаа юм байна.
ЕЗНХА-ныхан ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт, гэрчилгээжүүлэлт болон эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах, тус улсын мэргэжилтнүүдийг урьж богино хугацаанд сургалт зохион байгуулах саналаа илэрхийлсэн. Цаашид БНЧУ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа, агаарын хөлгийн үйлдвэрлэл, хөгжлийн талаар нэвтрүүлэг бэлтгэхэд хамтран ажиллах боломж байгаа, энэ асуудлыг БНЧУ-ын “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” болон Тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар нь дэмжинэ гэдгийг ч хэлжээ.
ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныхан Бүгд Найрамдах Чех Улсад албан томилолтоор ажиллахад БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат, элчин сайдын яамныхан онцгой дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Тиймээс Монголын төлөөлөгчид Чехэд ажиллах үеэрээ Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат тэргүүтэй элчингийн ажилтнуудтай уулзаж “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-өө танилцуулан Монгол Улс, БНЧУ-тай хамтран ажиллах, боломжуудын талаар мэдээлэл өгч хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад Элчин сайдын яамны зүгээс онцгой дэмжлэг үзүүлхийг хүсчээ.
Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн өнөөгийн байдал болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллан Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд байгуулагдах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах асуудлыг ажил хэрэг болгоход өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдлээ.