Нисэх хүчний 50 жилийн ой
Монголын иргэний агаарын тээвэрчдийн хувьд нисэх хүчний 50 жилийн түүхт ой, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх тавдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр тавигдсан зорилтыг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэх нэн хариуцлагатай жил байв. Иргэний агаарын тээврийн төв, хөдөөгийн байгууллага, хамт олон, нисгэгч, инженер, техникчид, нислэг хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах хүрээнд ажиллаж байсан ажилчин, албан хаагчид, мэргэжилтнүүд түүхт ойгоо тавдугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг хугацаанаас нь 45 хоногийн өмнө биелүүлж, зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг 106 хувь, зорчигч эргэлтийн төлөвлөгөөг 112 хувь, ачаа шуудан тээвэрлэлтийн төлөвлөгөөг 118 хувь, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 115,5 хувиар тус тус биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 22,6 хувиар дээшлүүлж, тээврийн өөрийн өртгийг 9,1 хувиар хямдруулсан хөдөлмөрийн өндөр амжилтаар тэмдэглэжээ. 1975 онд 36,7 мянган цаг нисч, 316,4 мянган зорчигч, 5177,4 тонн ачаа тээвэрлэж, 3,2 сая га талбайд авиа химийн ажил хийж, 48,6 сая төгрөгийн орлого оруулсан томоохон салбар болсон байна. Төв, хөдөөгийн нисэх буудлуудыг тохижуулах, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан шөнийн нислэгийн радионавигаци, гэрэл техникийн системээр тоноглох, холбоо, цаг уурын хангалтын найдвартай байдлыг бэхжүүлэх талаар том алхам хийжээ. Мөн Ан-26 онгоц хоёрыг худалдан авч паркаа өргөтгөжээ.