Ту-154 онгоц
Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа олон улсын агаарын тээвэрт үйлчилдэг хүнд даацын Ту-154 онгоцыг экипажийх нь хамт түрээсээр авах болсон том үйл явдал болжээ. Үүнтэй холбогдуулан Москва хотод МИАТ /Монголын иргэний агаарын тээвэр/ төлөөлөгчийг суулгах, Ту-154 онгоцны өөрийн нисэх багийг сургаж бэлтгэх, тус асуудлаар ЗХУ-ын Иргэний агаарын тээврийн ерөнхий газартай гэрээ хэлэлцээр байгуулах зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай байв. Түрээсээр авсан Ту-154 онгоцыг Зөвлөлтийн нисэх баг жолоодож Улаанбаатар-Москвагийн олон улсын анхны нислэгийг 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 269-р тогтоолоор олон улсын нислэгийн зорчигч, ачаа тээвэрлэх тарифыг 10 дугаар сараас эхлэн мөрдөж Москвад МИАТ-ийн төлөөлөгчийн газар түүний салбарыг Эрхүүд нээжээ.