СИТА систем, ИАТА-ийн гишүүнчлэл
1990 оны өмнөх жилүүдэд тухайн үеийн удирдлагуудын идэвх санаачлага, уйгагүй хөдөлмөр хөөцөлдлөгөөний үр дүнд ЗХУ-аас Ту-154 онгоц түрээсээр авч олон улсын шугамд ашиглах болсон нь Монголын агаарын тээврийн хөгжлийг дэлхий дахины жишигт хүрч хөгжихийн үндэс суурь нь болсон байна. Манай агаарын тээвэр Ту-154 онгоцоор олон улсын шугамд нисэх болсноор Москва, Иркутск, Бээжин хотуудад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр БНПАУ-ын “ЛОТ”, БНАГУ-ын “Интерфлюг”, Финляндын “Финейр”, Скандинавын орнуудын “САС”, Холбооны Герман улсын “Люфтханза”, Францын “Эйрфранс” компанийн онгоцнуудыг өнгөрүүлж холбоо навигацаар үйлчлэх болсон нь манай эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм. Олон Улсын нислэгийн суудал захиалгын систем СИТА-д бүрэн гишүүнээр, Агаарын тээврийн олон улсын үнэ тарифын байгууллага ИАТА-д хагас гишүүнээр элссэнээр манай Иргэний агаарын тээврийн байгууллага дэлхийн бүс нутгийн ажил хэрэгч асуудалд бүрэн эрхтэй оролцох өргөн боломж нээгдсэн байна.