Бүгд Найрамдах Македон Улсын нийслэл Скопьегд болсон Чөлөөт бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн, Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэгийн шалгагч ажилтан Буянтөрийн Лхагвадорж өнөөдөр эх орондоо ирлээ.
Түүнийг НБУГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, Дэд дарга С.Мөнхнасан, АБХА-ны дарга М.Гүен болон ажлын хамт олон, аав ээж, гэр бүл, ах дүү нар нь угтан авч баяр хүргэлээ.
Есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд Б.Лхагвадорж 35-40 насны ангилалд, “-78 кг”-ийн жинд барилджээ. Тэмцээнд монголоос нийт 20 тамирчин оролцсоноос 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцсон байна. Б.Лхагвадоржийн хувьд олон улсын тэмцээнд анх удаагаа оролцсон. Тэрбээр 2005 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгсч АБХА-нд ажилд орсноосоо хойш иргэний нисэхийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэргий мөн АБХА-нд ажилладаг юм.
Тэрбээр “Манай ажил хариуцлагатай, хэцүү ажил, зуны цагт ачаалал ихтэй байдаг. Гэсэн ч ажлынхаа хажуугаар, ар гэрийн ажлаа хойш тавиад боломжоороо бэлтгэлээ хийдэг байсан. Ээлжийн ажил учир эхнэртэйгээ ажилд гарах цагаа зөрүүлээд ажилладаг. Энэ тэмцээнд оролцохдоо ажлаасаа 5 хоногийн чөлөө авсан байсан. Хугацаандаа багтаж тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд оролцоход тулгарч байсан хамгийн хэцүү асуудал нь визний асуудал байсан. Гэхдээ Чөлөөт бөхийн холбоо болон ГХЯ тусалж дэмжсэн. Мөн хоёр талын онгоцны тийзийн асуудлыг “Туркиш эйрлайнс” авиакомпани 100 хувь дааж олон улсын тэмцээнд оролцох боломжийг хангаж өгсөнд маш их талархаж байна. Мөн ИНЕГ-ын удирдлагууд, Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр, НБУГ-ын дарга нартаа болон ажлын хамт олон, гэр бүл, найз нөхөд гээд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа” гэлээ.
Энэ удаагийн тэмцээнд манай тамирчдын гол өрсөлдөгчид нь оросын тамирчид байжээ. Тэр дундаа хамгийн бага насны ангилал буюу 35-40 насны ангилалд оросын 4 тамирчин оролцсон нь бусад улсаас оролцогч тамирчдын хувьд авхаалж самбаа, хүч чадлыг нь сорьсон хамгийн өрсөлдөөнтэй ангилал байсан байна. Энэ ангилалд Б.Лхагвадорж амжилттай барилдсаар аваргын төлөө оросын тамирчинтай учраа таарч ялагдал хүлээсэн. Гэхдээ анх удаа оролцсон олон улсын тэмцээнээсээ тэр мөнгөн медаль хүртэж олон улсад чансаагаа харуулж чаджээ.