Нэгдүгээрт: аюулгүй байдал, хоёрдугаарт: аюулгүй байдал, гуравдугаарт: аюулгүй байдал …, аюулгүй байдал, аюулгүй байдал. Энэ бол Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлүүдийнх нь нэг.
Өөрөөр хэлбэл, ИНЕГ агаарын тээврийн салбарт нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг чухалчилдаг. Төрийн байгууллагын энэ эрхэм зорилго, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавьж ажилладаг мэргэжлийн ажилтнууд нь ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба/НААХЗА/-нд харъяалагддаг билээ. Энгийнээр хэлбэл, тэднийг мэргэжлийн хяналтын байцаагчид гэж хэлж болно.
Сүүлийн жилүүдэд агаарын тээврээр зорчих тасалбарын үнийг бууруулах чиглэлээр төр, засгийн хэмжээнд бодлого, шийдвэрүүд гарган ажиллаж байна. Гэхдээ нисэхийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ёстой байцаагч нар үндсэн зорилгоо үл умартан хямд үнээр нислэг үйлдье гэсэн болгонд хяналтгүйгээр зөвшөөрөл өгч, гэрчилгээжүүлээд байдаггүй, “Иргэний нисэхийн дүрэм-129”/ИНД-129/-ийн дагуу агаарын тээвэрлэгч нарт хатуу шаардлага, хяналт тавьж гэрчилгээжүүлж ажилладаг болохыг энэхүү “Байцаагчийн нэг өдөр” сурвалжлагаар хүргэж байна.
Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх ИНД-129.1-д “Монгол Улсад арилжааны зорилгоор агаарын тээврийн үйл ажиллагаа явуулах гадаадын агаарын тээвэрлэгч нь, дараалсан 28 хоногийн дотор 2-оос дээш удаа, эсхүл дараалсан 365 хоногийн дотор 8-аас дээш удаа хөөрөлт, буулт үйлдэх бол энэ дүрмээр гэрчилгээжнэ” гэж заажээ. Тиймээс БНСУ-ын 3 дахь авиа компани манай улсад нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэний дагуу НААХЗА-ны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагч Э.Алтангэрэл томилолтоор ажиллаж “ИНД-129”-ийн дагуу үзлэг, шалгалт хийсэн юм.
Монгол Улсад нислэг үйлдэхээр гэрчилгээжүүлэлт хүссэн гадаадын авиа компани нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг эзэмшдэг байх ёстой. Түүнчлэн гадаад улсад нислэг үйлдэх зөвшөөрөл авсан байна. Гэх мэтчилэн Монгол Улсруу нислэг үйлдэх хүсэлтэй агаарын тээвэрлэгчийн болоод нислэг үйлдэх агаарын хөлөг, нисэх бүрэлдэхүүн, тэдний туршлага, мэдлэг, ур чадварыг баталгаажуулсан гэрчилгээ зэргийг ИНЕГ-аас томилогдсон байцаагч “ИНД-129”-д заасны дагуу үзэж нягталдаг юм билээ.
Агаарын хөлөг нэгэнт нислэг үйлдэж тэнгэрт хөөрсөн л бол нислэгээ аюулгүй гүйцэтгэх ёстой. Тэр тэнгэрт түр зогсоол гэж байхгүй, “хагарсан” дугуйгаа нөхөөд цаашаа нислэгээ үргэлжлүүлнэ гэх ойлголт үгүй. Тиймээс нислэгийн аюулгүй байдлыг урьдчилж хангах ажилд ажил, амьдралаараа дэнчиж тавьж ажилладаг НААХЗА байцаагч нар нэг ч бичиг баримтыг “заа яахав” гээд үзэхгүй өнгөрөөхгүй, анзаараггүй, хайхрамжгүй хандаж болохгүй хариуцлагатай ажил хийдэг мэргэжилтнүүд юм. Э.Алтангэрэл байцаагч гадаадын агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох бичиг баримтуудыг үзэж нягталхынхаа хажуугаар нисэх бүрэлдэхүүнтэй уулзах, агаарын хөлөгийн засварын төвийн үйл ажиллагаатай танилцах, газрын тусгай үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд холбогдох дүрэм, журмын дагуу ажлаа гүйцэтгэж байна уу гэдгийг шалгаж, баталгаажуулах гэх зэргээр цаг наргүй ажиллаж байсан.
Хэрэв “ИНД-129”-д заасны дагуу гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлсэн тохиолдолд байцаагчийн хувьд ажил дууслаа гэж хэлж болохгүй. Монгол Улс руу нислэг үйлдэж байгаа аливаа агаарын хөлөгт ИНЕГ-ын байцаагч нислэгийн аюулгүй байдлыг хангах хяналт, шалгалтыг тогтмол хийж ажилладаг гэдгийг Э.Алтангэрэл байцаагч хэлж байсан.
Тухайлбал, “ИНД-129.15”-д ИНЕГ-ын байцаагч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн агаарын хөлөгт энэ дүрмийн биелэлтийг шалгах зорилгоор үзлэг шалгалт хийх, агаарын хөлгийн даргад аюулгүй ажиллагааны зөвлөмж өгөх эрхтэй” гэж заажээ. Энэ эрхийнхээ дагуу байцаагч нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалт хийхэд агаарын хөлгийн бүхээгт агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, хөлгийн бүртгэлийн гэрчилгээ, агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, техникийн бүртгэлийн дэвтэр, нисэх багийн гишүүдийн хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх, агаарын хөлгийн жин ба төвлөрөлтийн тооцооны хуудас гэх мэтчилэн олон бичиг, баримтууд байх ёстой.
ИНЕГ-ын байцаагч “ИНД-129”-ийн дагуу гэрчилгээжих хүсэлт гаргасан гадаадын агаарын тээвэрлэгч авиакоампанид ийнхүү үзлэг шалгалт хийж ажилласан ч эцсийн шийдвэр гарах болоогүй юм. Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь, хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас их, эсхүл 19-өөс дээш зорчигчийн суудалтай агаарын хөлгөөр Монгол Улс руу болон Монгол Улсаас нислэг үйлдэх бол тухайн агаарын хөлөгт Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II) суурилагдсан байх ёстой. Үүнийг бататгахаас эхлээд олон ажил хүлээгдэж байна.
Нисэхийн салбарын хамгийн гол мэргэжилтнүүд болох нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байцаагч нар ийнхүү алдах эрхгүй, хянамгай ажилладаг. Тиймээс ч өндөр шалгуураар энэ ажлын байранд тэнцсэн байцаагч нараа байнга сургаж, чадваржуулах, өндөр цалин амалсан аль нэг агаарын тээвэрлэгч рүү ажилтнаа алдахгүйн тулд цалин, урамшууллыг хангалттай өгдөг байх шаардлага байна гэдгийг ИНЕГ-ын дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай хэлж байлаа.
Зөвхөн “ИНД-129”-ийн дагуу гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх эсэх ажилд томилогдсон байцаагчийн ажлын ачааллыг нэг өдрөөр хэмжвэл дутагдалтай санагдана. Нислэгтэй өдөр бүр, зорчигч та “нисэх” бүрт нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг байцаагч нарын ажил байнга хамт явагддаг шүү.