Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны дарга Ч.Одгэрэлтэй ярилцлаа.
- Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэг сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаа. Статистикаар энэ өсөлт яг ямар хувьтай байна. Ирэх жил дээрх өсөлтийн хувь хадгалагдаж чадах уу?
- Монгол Улсыг дамжин өнгөрөх нислэгүүд эрчимтэй нэмэгдэж, сүүлийн 5 жилд 41,6 хувиар өссөн байна. 2018 оны эхний 10 сарын байдлыг 2017 оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Агаарын тээвэрлэгчид энэ жилийн өвлийн нислэгийн захиалгаа манай албанд ирүүлсэн байгаа. Энэхүү захиалгаас харахад өнгөрөлтийн нислэг цаашид ч өсөх хандлагатай байна. Зөвхөн энэ өвлийн өнгөрөлтийн нислэгийг манай улсаар дамжин өнгөрөх хүсэлтэй агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн захиалгаас урьдчилсан байдлаар харахад 25 орчим хувиар өсөхөөр байна.
- Энэ өсөлт олон улсын эдийн засгийн өсөлт, эсвэл Ази-Европыг чиглэсэн зорчигч урсгал нэмэгдэж байгаагаас хамаарч байна уу? Цаашдын бодлого, төлөвлөгөөг энэ өсөлттэй хэрхэн уялдуулж байна вэ.
- Олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо 2030 он гэхэд 2 дахин нэмэгдэх ба үүнийг дагаад нислэгийн тоо энэ хэмжээгээр өсөх тооцоолол гарсан. Энэхүү өсөлтийн дийлэнх нь БНХАУ, Энэтхэг, Индонез зэрэг улсуудын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор Ази-Номхон далайн бүсэд явагдах төсөөлөлтэй байгаа юм. Үүнээс харахад манай улсаар дамжин өнгөрөх нислэг цаашид тогтвортой өсөх хандлага ажиглагдаж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ОУИНБ/-аас гишүүн улс орнуудын агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудын аюулгүй ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг дэвшүүлэн тавьж байна. Тэгэхээр агаарын зайг ихэсгэх боломж бол байхгүй, харин агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх шаардлагатай байна. ОУИНБ /ИКАО/ нь 2006 онд Олон улсын агаарын навигацийн төлөвлөгөө буюу Global Air Navigation Policy /GANP/ боловсруулсан. GANP нь иргэний нисэхийн бүхий л оролцогчдод бодлогоо гаргахад туслах зорилгоор урт хугацааны алсын харааг санал болгодог. Мөн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг хооронд нь уялдуулан, үйл ажиллагааны хэрэгжилтийн тасралтгүй байдлыг хангаж байдаг. ИКАО нь бүс нутагт болон улс орнуудад 2016-2030 онуудад GANP-ийг хэрэгжүүлэхийн тулд илүү нарийвчилсан хэсэгчилсэн төлөвлөгөөг 2012 онд танилцуулсан юм. Энэхүү хэсэгчилсэн буюу нарийвчилсан төлөвлөгөөнд Үзүүлэлтэд тулгуурласан навигаци /PBN/, тасралтгүй өндөр алдах, өндөр авах /CDO/CCO/, Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалт /ATFM/CDM/ зэргийг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлсон. Хамгийн сүүлд 2017 онд Олон Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын 54 дүгээр хурлаар Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг эрчимжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх талаар шийдвэр гаргасан. Тиймээс Олон улсын байгууллагаас гаргасан бодлогын хүрээнд мөн агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ИНЕГ-т бүтцэд өөрчлөлт хийж шинээр Нислэгийн урсгал төлөвлөлтийн албыг үүсгэн байгуулсан.
- Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх нь агаарын навигацийн үйл ажиллагаанд яг ямар ач холбогдолтой юм бэ?
- Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн суурь зарчим бол нислэгийн эрэлтийг агаарын зайн багтаамжид нийцүүлэн нислэгийн хөдөлгөөний урсгалыг төлөвлөх, зохицуулах цогц үйл явц. Энэхүү үйл явцыг нислэгийн бүхий л үе шатуудад хэрэгжүүлэх боломжтой. Тиймээс нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил хийгээд агаарын навигацийн үйл ажиллагаанд ихээхэн үр ашигтай байна гэж үздэг. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн, аяллын чанарыг сайжруулж, шатахууны зардал, хүлэмжийн хийн ялгаралтыг багасаж, агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааны зардлыг бууруулна. Иргэний нисэхийн салбар тэр дундаа агаарын навигацийн үйл ажиллагааны хувьд нислэгийн хөдөлгөөний менежментийн системийн аюулгүй ажиллагааг сайжруулна, нислэгийн хөдөлгөөний урсгал, ачааллыг жигд хуваарилж нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтөөр НХУ-ын нэгжийн чадавх, эрэлтийг үр дүнтэй удирдах боломжууд нээгдэх юм. Түүнчлэн, Нислэгийн хөдөлгөөний хүний нөөцийг жигд, оновчтой хуваарилах, ажлын ачааллыг багасгах зэрэг давуу талууд гарч ирнэ. Мөн хамтын шийдвэр гаргах /CDM/ үйл ажиллагаагаар системийн үйл ажиллагааны үр ашиг, урьдчилан таамаглах чадварыг ч нэмэгдүүлнэ. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, нисэх буудлууд, агаарын зайн бүх хэрэглэгчид, цаг уурын байгууллага болон агаарын навигацийн үйлчилгээний бусад байгууллагууд оролцож байж үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
- Бусад улс оронд Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх талаар яаж ажилладаг юм бол?
- 2013 оноос Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд Multi-Nodal, NARAHG, BIMT, Mekong зэрэг томоохон ажлын хэсгүүдийг байгуулан бүс нутгийн хэмжээнд Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Эдгээр томоохон ажлын хэсгүүдэд хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж буй асуудлуудын хэрэгжилтийг хангах, харилцан уялдаа холбоо, хууль эрх зүйн болон техникийн асуудлуудыг шуурхай хэлэлцэх, шийдвэрлэх хэрэгцээ шаардлагын үүднээс дэд ажлын хэсгүүдийг 2018 онд ИКАО-ын дэргэд байгуулсан. Манай ИНЕГ ч ИКАО-ын гишүүн орны хувиар үйл ажиллагаанд нь идэвхтэй байр суурь баримталж ирлээ. Үүнийхээ хүрээнд Нислэгийн урсгал, төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх талаар стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллаж хэрэгжүүлэхэд хойшлуулашгүй зарим арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал, 2015 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази-Номхон далайн бүс нутгийн дэд төвөөс Улаанбаатар хотноо Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент, хамтын шийдвэр гаргалт /ATFM/CDM/ сэдэвт сургалт, семинар, 2017 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо БНХАУ-ын Иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уулзалтаар санамж бичигт 2 талын төлөөлөгчид гарын үсэг зурсан. Үүнд нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхээр онцгойлон тусгасан юм. Мөн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) түүний гишүүн агаарын тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.
- ИНЕГ-аас хэрэгжүүлж буй ажлын дагуу Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба нь одоо ямар ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа вэ?
- ОУИНБ-ын урт хугацааны стратеги, бодлогод нийцүүлэн Монгол Улсад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент /ATFM-Cross-Border concept/, уян хатан агаарын зайн үзэл баримтлал /Flexible use of airspace concept/, чөлөөт агаарын замын /Free routing concept/ үзэл баримтлал зэрэг төслүүдийг үе шаттайгаар нэвтрүүлхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Олон улсын агаарын навигацийн үйлчилгээний байгууллага буюу CANSO байгууллагын төлөөлөгч хүрэлцэн ирж “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент/Хамтын шийдвэр гаргалт” төслийн хүрээнд өнөөгийн агаарын навигацийн үйлчилгээ, нислэгийн урсгал төлөвлөлтийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тодорхой зөвлөмж өгсөн. ИКАО-ын Ази-Номхон далайн бүсийн дэд төвөөс Монгол Улсад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент /ATFM-Cross-Border concept/ сэдвээр сургалт, семинар зохион байгуулах, хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн БНХАУ-ын Иргэний нисэхийн байгууллага болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны уулзалтаар хоёр улсын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Ер нь манай алба нислэгийн төлөвлөлтийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, эрх зүйн орчин бүрдүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.