Иргэний нисэхийн ерөнхий газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран Ази, Номхон далайн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр /CASP-AP/-ын хүрээнд зохион байгуулж байгаа “RISK CONTEXT STATEMENT WRITING” сэдэвт семинар өнөөдөр /2018.11.12/ эхэллээ.
Сургалт, семинарыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн зохицуулагч, зөвлөх ноён Kyal Barter болон төслийн багш-зааварлагч ноён Piengtep Yapan нар удирдаж байна.
Нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөртэй 2005 оноос хамтран ажиллаж, удаа дараагийн сургалт, семинаруудыг Монгол Улсад зохион байгуулж ирсэн юм. Энэхүү CASP-AP хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинарууд зохион байгуулснаар Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа биеллээ олж байгаа гэдгийг ИНЕГ-ын дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай семинарыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
2015 онд “Хямралын удирдлага”, 2016 онд “Агаарын ачаа, шуудангийн аюулгүй байдал”, 2017 онд “Нисэхийн аюулгүй байдлын багш-зааварлагч бэлтгэх” сургалтуудыг амжилттай хамтран зохион байгуулсан. Түүний зэрэгцээ, ИКАО-ийн Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдлын зөвлөх, мэргэжилтнүүд нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын аюулгүй байдлын зохицуулалтын үйл ажиллагаатай 2017 онд танилцаж, нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой үнэтэй зөвлөмж зааварчилгааг өгч ажилласан.
Дэлхий дахинаа нисэхийн аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа өнөө үед Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс энэхүү семинарыг зохион байгуулж байгаа нь олон талын ач холбогдолтой юм.
Тухайлбал, энэхүү семинараар иргэний нисэхийн аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, үндэсний болон бүс нутгийн, тухайн орон нутгийн хэмжээнд эрсдэлийг бууруулах талаарх холбогдох арга хэмжээг авч ажиллах, агаарын тээврээр зорчиж буй зорчигчид, ачаа тээш, шууданг эрсдэлгүйгээр тээвэрлэх ажиллагаанд Нисэхийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага бүрийн оролцоог хангах ач холбогдолтой.
Семинарт Монгол улсын Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны гишүүн байгууллагуудын төлөөлөл буюу ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал, үндэсний агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл МИАТ ХК, Аэромонголиа, Хүннү Эйр ХК-аас оролцож байна.
Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн семинарын дараа Зөвлөх, багш-зааварлагч нар Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд ажиллах төлөвлөгөөтэй байна.