Иргэний нисэхийн ерөнхий газрын Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба/НУТА/ арваннэгдүгээр сарын 06-ны өдөр Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай анхны теле-хурал зохион байгууллаа. Хуралд Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын болон Нислэгийн урсгал төлөвлөлтийн албаны удирдлагууд оролцсон. Энэ үеэр ажлын хэсгийн шинэчилсэн төлөвлөгөө, ажлын даалгавар, үйл ажиллагааны үзэл баримтлал, хялбаршуулсан үйл ажиллагааны схем, аюулгүй ажиллагааны үнэлгээ, үнэлгээг хэрхэн хийх, нислэгийн урсгал төлөвлөлтийн өгөгдлийг хэрхэн дамжуулах, SWIM төсөлд холбогдох зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.
Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежмент /ATFM/SG/8/-ийн Олон улсын ажлын хэсгийн 8 дугаар хурал энэ оны тавдугаар сарын 14-18-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдаад байсан юм. Энэхүү хурлаар Ази номхон далайн бүсийн дэд төв /ICAO APAC RSO/-д Монгол Улсын зүгээс Орос-Монгол-Хятад гэсэн small working group буюу жижиг ажлын хэсэг байгуулан бүс нутгийн хэмжээнд Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх саналыг дэвшүүлсэн. Мөн НУТА нь Ази-Номхон далайн бүс нутгийн дэд төвтэй хамтран ажиллаж Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн ажлын хэсэг /ATFM/SWG/-ийн гишүүн улсад бүртгүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын хэсэгт Multi-Nodal, Bobcat, NARAHG, BIMT зэрэг томоохон ажлын хэсгийн гишүүн улсууд ажилладаг. Тус ажлын хэсгийн ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай анхны теле-хурал зохион байгуулсан нь энэ юм.
Ажлын хэсэг нь 2022 он хүртэл жилд 4 удаагийн давтамжтай ба теле-хурал нь 2 удаа, уулзалт хурал /face-to-face/ 2 удаа тус бүр зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна.
НУТА анх удаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагатай теле-хурал хийснээр Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргах /ATFM/CDM/ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд байгууллагын төсөв, үйл ажиллагааны зардал хэмнэсэн ихээхэн үр ашиг бүхий ажил боллоо.