Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн анхдугаар Конгресс “Сайхан дэлхийн төлөө орон зайн замаар замнах нь” нэрийн дор амжилттай зохион байгуулагджээ.
Энэхүү чуулга уулзалтад 83 орны 1200 гаруй төлөөлөгчид оролцсоноос Монгол Улсыг төлөөлж Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар, ГЗБГЗЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон. Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Нислэгийн зургийн хэсгийн дарга Н.Хаш-Эрдэнэ багтаж Монголын Нисэхийн Мэдээллийн Ажилтнуудын Холбооны дэмжлэгтэйгээр амжилттай оролцоод ирлээ.
НҮБ-ын Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлөөс орон зайн мэдээллийн дэлхийн хэмжээний анхдугаар чуулга уулзалтыг “Сайхан дэлхийн төлөө орон зайн замаар замнах нь” нэрийн дор БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Deqing хотноо 2018 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан байна.
Чуулга уулзалтын зорилго
Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангахад байрлалд тулгуурласан орон зайн мэдээлэл бүх зүйлийн буурь, суурь, үндсийн үндэс юм байна гэдгийг дэлхий дахин ухамсарлаж байна. Бүх зүйл хаа нэг газар тохиолддог. Энэ бол гарцаагүй.
Хаа нэгтээ ямар нэг зүйл өрнөж буйг мэдэхэд түүний байрлалыг үнэн зөв, цаг хугацаанд нь тогтоож, шаардлагатай мэдээллийг шаардлагатай хэрэглэгчид хүргэх нь нэн тэргүүний асуудал болдог билээ. Хаана? гэдэг асуултад хариулдаг шинжлэх ухаан нь бүх юмс үзэгдлийн талаар тайлбарлах үндсийн үндэс болсон ойлголт учраас “Сайхан дэлхийн төлөө орон зайн замаар замнах нь” гэсэн уриан дор дэлхий даяараа нэгдэж энэхүү анхдугаар конгрессыг ёслол төгөлдөр, дээд хэмжээнд зохион байгуулагдсан.
Дэлхий, бүс нутаг, улс орны тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, ухаалаг нийгмийг цогцлоохын тулд байрлалд тулгуурласан орон зайн мэдээллийг бүрдүүлж, ашиглахад тал бүрийн оролцоог нэмэгдүүлж, орон зайн мэдээллийн талаарх мэдлэг, мэдээллээ улс бүр өөр хоорондоо хуваалцах, түүний хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж хуралд оролцогчид үзсэн.
Техник, технологийн хурдацтай хөгжил нь та биднийг технологийн өмнөх үе ба технологийн дараах үе гэсэн 2 хэсэгт хувааж байгаа учраас та хаана байхаа өөрөө сонгох цаг иржээ.
Чуулга уулзалтаас гарсан “Моганшаны тунхаглал”:
- Улс орнуудын сайд нар болон бусад өндөр түвшний шийдвэр гаргагчдын зүгээс нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчныг илүү ойлгомжтой болгоход туслах зорилготой байрлалд тулгуурласан орон зайн мэдээллийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, НҮБ-аас тунхагласан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд орон зайн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх;
- Дэлхийн улс орнууд “Цахим шилжилт”-д хүрэхийн тулд орон зайн янз бүрийн технологи болон инновацийг хэрэгжүүлснээс шалтгаалж улс орнуудын бүрдүүлсэн орон зайн мэдээлэл нь нэг стандартын дагуу болж чадаагүй. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд 2030 хөтөлбөр, Орон зайн мэдээллийн нэгдсэн систем(Cloud, том хэмжээний орон зайн мэдээллийн анализ, технологи судлах, орон зайн мэдлэгийн үйлчилгээ, мэдээллийн нэгдсэн систем)-ийг дэлхий нийтэд нэвтрүүлэх шаардлагатай. Ингэхдээ хөгжиж буй улс орнууд ашиглаж болохуйц, амар хялбар байдлаар энэхүү тогтолцоонд хүрэх чадамж, бололцоогоор хангах;
- НҮБ-ын бүх гишүүн улс орнууд үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрт орон зайн мэдээллийн талаар тусгах шаардлагатай. Улс төрийн шийдвэр гаргагчдад орон зайн мэдээллийн чухал ач холбогдлын талаар ойлгуулан зөв бодлого авч, хэрэгжүүлэх;
- Сайхан ирээдүйн төлөө олон улсын, бүс нутгийн, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулан өөр хоорондоо нийцэхгүй байгаа төрөл бүрийн арга технологи ашиглах явдлыг багасгаснаар үндэсний хөгжлийг дэмжих, технологийн давуу талаар хангах, хөгжиж буй улс орнуудын чадамжийг сайжруулах, улс орнуудын Засгийн Газруудын хамтын ажиллагааг сайжруулах;
- Орон зайн өгөгдөл, түүнийг бүрдүүлж, ашиглах технологи болон инновацийг хариуцаж буй эрх бүхий улсын байгууллага нь бусад улс орны эрх бүхий байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, орон зайн мэдээллийн менежмент бүрдүүлсэн сайн туршлага, байнгын сайжруулалт болон сайн үр дүнгээ хуваалцаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бие биенээ уриалах;
- Дэлхий нийтийн орон зайн мэдээллийн чадамж, чадварыг сайжруулах, мэдлэг дэх хамтын ажиллагааг бий болгох, дэлхийг ажиглах замаар гаргаж авсан бүс нутгийн болон дэлхий нийтийг хамарсан өгөгдөл/мэдээллийг олж авах; үндэсний орон зайн мэдээллийн менежментийг сайжруулж, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй орон зайн мэдээллийн хот болох Deqing шиг орон зайн мэдлэгийн дэлхийн хэмжээний шилдэг төвүүдийг байгуулж, хөгжиж буй улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэвтрүүлэхэд тус нэмэр болох;
- Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо, сэдэвчилсэн группууд болон хувийн хэвшлийн түншүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжиж буй улс орнууд тэр дундаа бага орлоготой, ядуу буурай улс орнууд, жижиг арлын улс, далайд гарцгүй улсуудыг орон зайн мэдээллийн зааварчилгаагаар хангаж, орон зай болон газрын зургийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, өгөгдлийн системийг бэхжүүлэх замаар өндөр нарийвчлалтай, цаг хугацааны шаардлага хангасан, найдвартай өгөгдлөөр хангах; Дэлхийн хөгжлийн хөтөлбөрт хүрэхийн тулд нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны хөгжлийн нийгэмлэгүүд болон орон зайн мэдээллийн үнэ цэнийг дээшлүүлэх;
- Энэхүү хуралд оролцсон төрөл бүрийн үндэстэн ястан, соёл заншил, нас, хүйс бүхий оролцогчдод гүнээ талархаж байна; Мөн НҮБ-Дэлхийн орон зайн мэдээллийн менежментийн зөвлөхүүдийн хороо болон орон зайн нийгэмлэгүүдээс цаашид иймэрхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахыг уриалж байна. Үүнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэвтрүүлэх гол хүмүүс болох орон зайн мэдээллийн залуу мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарах;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн анхдугаар Конгресс нь улс орнуудын Засгийн Газар болон бусад холбогдох байгууллагуудыг орон зайн мэдээллийн талаар нэгдсэн ойлголттой болгох үүрэгтэй байсан бөгөөд улс орнууд орон зайн мэдээллийн менежментийг идэвхтэй хэрэгжүүлснээр үнэн зөв, шаардлага хангасан, найдвартай орон зайн мэдээллийг ашиглан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн зорилтуудыг хангах боломжтой болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн 2 дахь удаагийн хурлыг 4 жилийн дотор зарлан хуралдуулж, дэлхийн орон зайн хөгжлийн үйл явцын хэрэгжилтийг авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ;
- Zhejiang мужийн зүгээс орон зайн мэдээллийн салбарын экосистемийг хөгжүүлэх үйлсэд маш их хүчин зүтгэл гаргаж, энэхүү анхдугаар хуралд зориулан гүн сэтгэгдэл төрүүлэхүйц байгууламжуудыг Deqing хотноо байгуулсанд, мөн уг арга хэмжээг маш өндөр түвшинд зохион байгуулсан ажилтнуудад, БНХАУ-ын Засгийн Газрын Байгалийн нөөцийн яам болон Zhejiang мужийн захиргааны хамтын ажиллагаанд гүнээ талархан баяр хүргэж байна. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон Зайн Мэдээллийн анхдугаар Конгрессыг зохион байгуулахад асар их хүч хөдөлмөрөө зориулж, хуралд оролцогчдод орон нутгийнхаа соёл, ёс заншлыг таниулж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн мужийн сайн дурын ажилтнуудад гүн талархал илэрхийлье!
2018 оны 11 дүгээр сарын 21, Deqing, Zhejiang муж, БНХАУ.
Чуулга уулзалтад оролцсон НМҮА-ны Нислэгийн зургийн хэсгийн дарга Н.Хаш-Эрдэнийн сэтгэгдэл:
Хэдхэн жилийн өмнөх БНХАУ-д компьютер, гар утас гэх мэт техник, технологийн хэрэглээ асар бага байлаа. Гэтэл өнөөдрийн БНХАУ-ыг та хар даа. Технологийн асар хурдацтай хөгжил энэ улсад гүн нэвтэрчээ. Байрлалд тулгуурласан орон зайн мэдээллийг төрөл бүрийн аргаар бүрдүүлж, технологийн дэвшилтэй хослуулж чадсанаар өнөөдрийн энэ улсад гэмт хэрэгтнийг илрүүлэх, гэмт хэргээс сэргийлэх үйл ажиллагаанд робот цагдаа ажиллаж, орон зайн мэдээллийн сангийн тусламжтайгаар хүн ардыг байгалийн гамшиг, гэмт халдлагаас сэргийлж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж байна. Хүн амын нягтаршил, барилгажилт, ургамал, ой мод, байгалийн гамшиг гэх мэтийн судалгааг зайнаас тандан судлалын аргаар цаг алдалгүй хийж, төрөл бүрийн хэрэглээнд нэвтрүүлж чадсанаар эдийн засгийн хувьд маш их үр ашгийг хүртэж дэлхийн эдийн засгийг гартаа атгаж чаджээ.
Та бидний хөрш улс дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж байхад та бид өөрсдийн эх орны тусгаар тогтнолыг хамгаалж, нийгэм, эдийн засгийн хувьд бат суурьтай болж хөгжихийн тулд асар их үнэ цэнийг агуулсан орон зайн мэдээллийн ач холбогдлыг ухамсарлаж, түүний үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тунхагласан “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд дэлхийн улс орон бүр өөрийн орон зайн мэдээллийн менежментийн арга барилаа сайжруулах, шинэчлэх, хөгжүүлэх шаардлагатай гэж зөвлөж байгаа бөгөөд Дэлхийн банктай хамтран тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ. НҮБ нь ардаа хэнийг ч үл орхин нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үр дүнтэйгээр хүрэх, үр дүнг хэмжих, хянах боломж олгох, бүх улс орнуудад орон зайн мэдээллийн оновчтой хэрэглээний орчинг бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна.
НҮБ-ын Дэлхийн орон зайн мэдээллийн зөвлөхүүдийн хорооны Геодезийн шинжлэх ухааны асуудлыг хариуцсан салбар хорооноос гишүүн улсуудад ашиглагдаж буй геодезийн тулгуур тогтолцоо болон ирээдүйд ямар чадвар, тусгайлсан сонирхол шаардлагатай байгаа талаар ойлгох мөн холбогдох сургалтын хэрэгцээний талаар мэдээлэл авах зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнуудад цахим шуудангаар асуумж илгээн 2018 оны 5 сарын 5-ны дотор хариултаа ирүүлэхийг хүссэн байна.
Зурагт саарал өнгөөр дүрслэгдсэн улс орнууд нь НҮБ-д өөрийн орны геодезийн тулгуур сүлжээний талаарх мэдээллээ өгөөгүй байна. НҮБ-аас орон зайн мэдээллийн үндсэн өгөгдөл болох дэлхийн геодезийн тулгуур тогтолцоонд хамаарах асуудалд идэвхтэй оролцохыг гишүүн орнуудад уриалж, хариулт авахаар хүлээж байна.
Бид ард хоцорч үлдэх эрхгүй. Бид хуучин ЗХУ-ын тусламжтайгаар босгож байгуулсан геодезийн тулгуур сүлжээгээ орчин үеийн техник, технологийн дагуу шинэчилж дэлхийн стандартад нийцүүлэх шаардлагатай байна. Бид эх орноо хамгаалж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийнхээ төлөө бусад улстай мөр зэрэгцэн алхах ёстой. Ингэхийн тулд та бид өөрийн орны орон зайн мэдээллийн менежментийг дэлхийн стандартад хүргэх шаардлагатай. Хамгийн эхэнд бүх зүйлийн буурь, суурь болсон геодезийн байрлал, өндрийн тулгуур сүлжээгээ дэлхийн сүлжээтэй холбож, цаг хугацааны болон чанарын шаардлага хангасан орон зайн мэдээллийн замаар хөгжил өөд хамтдаа тэмүүлцгээе!
Дэлхийн геодезийн тулгуур тогтолцооны шаардлагыг хэрэгжүүлсэн Австрали улсын сайн жишээ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагаас нислэгийн аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай орон зайн мэдээллийг дэлхий нийтээр нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашиглахыг шаардсан байдаг. Үүний дагуу Монгол Улсын өндрийн тулгуур сүлжээг олон улсын жишигт хүргэх шаардлагатай байна.
Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэж буй олон улс, орон нутгийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад иргэний нисэхийн салбарт орон зайн үнэн зөв мэдээлэл маш чухал ач холбогдолтой. Нислэг гэдэг зүйл орон зайд үйлдэгддэг учраас нисгэгч болон нислэгийн удирдагчийн харилцан ажиллагаа, итгэлцэл бүгд орон зайн үнэн зөв мэдээлэлд тулгуурлахаас эхэлдэг бөгөөд нислэгийн үе шат бүрд орон зайн мэдээлэл салшгүй холбоотой байдаг.
Нэг дэлхийн нэг агаараар нислэг үйлдэж буй агаарын хөлөг нэгдсэн нэг стандартын дагуу бүрдүүлсэн орон зайн мэдээллийн тусламжтайгаар нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж чадах учраас улс орон бүр олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өөрсдийн орны байрлал болон өндрийн тулгуур сүлжээг олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө ажиллах үүрэг хүлээсэн.
Орон зайн мэдээллийн үнэн зөв, найдвартай, шаардлага хангасан эсэхээс нислэгийн аюулгүй ажиллагаа шууд хамаардаг гэдгийг хаа хаанаа ухаарч олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан стандарт зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, дэлхий нийтийн далайн дундаж түвшнээс тооцсон өндрийг нисэхийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, шаардлага хангасан, найдвартай, үнэн зөв мэдээллээр хэрэглэгчдэд цаг хугацаанд нь хүрч үйлчилцгээе!
Дэлхийтэй хөл нийлүүлэхийн тулд сурч мэдэх, туршлага судлах асар их хэрэгцээ байгааг хаа хаанаа ухамсарлаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулцгаая гэж мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.
Уг хуралд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монголын Нисэхийн Мэдээллийн Ажилтнуудын Холбоонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье!