ИНЕГ-ын даргын 2018 оны 10-р сарын 04-ний А/633 тушаалаар Улаанбаатар болон Красноярск бүсийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүд /НХУТ/ хооронд агаарын хөлгийн мэдээллийг тоон өгөгдлийн /OLDI/ систем ашиглан солилцох ажлын хүрээнд AIRCON2100 автоматжуулалтын системийн холболт тогтоох, өгөгдөл солицох, турших ажлын багийг томилоод байсан билээ. Уг холбон туршилт амжилттай болсны дагуу өнгөрсөн сарын 19-24-ний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотын Холбооны Улсын Үйлдвэрийн Газар “Госкорпорация по ОрВД”-т хоёр улсын хамтарсан уулзалт болж ИНЕГ-ын АНБЗГ-ын үйлдвэрлэл хариуцсан менежер П.Гантөгс, НХҮА-ны дарга П.Мөнхжаргал, ХНАА-ны дарга Д.Баяртогтох зэрэг ИНЕГ-аас томилогдсон бүрэлдэхүүн оролцсон. Улмаар Монгол болон ОХУ-ын агаарын хилийн DARNO болон GINOM цэг дээгүүр өнгөрч байгаа агаарын хөлгүүдийн мэдээллийг тоон өгөгдлийн /OLDI/ систем ашиглан солилцох харилцан ажиллагааны болон техникийн гэрээнд шаардлагатай өөрчлөлтийг оруулан 2018 оны 12-р сарын 10-ний өдрөөс хэрэгжүүлэх тухай гэрээг харилцан тохиролцож үзэглээд байна. Монгол Улсын агаарын зайг ашиглан үйлдэж байгаа олон улсын өнгөрөлтийн нислэгүүд нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа ба эдгээр нислэгүүдийн 40% гаруй нь DARNO болон GINOM агаарын хаалгаар үйлдэгддэг. Агаарын хөлгийн мэдээллийг тоон өгөгдлийн /OLDI/ систем ашиглан солилцох сувгийг Улаанбаатар болон Красноярск бүсийн нислэгийн удирдлагын төв хооронд ийнхүү энэ сарын 10-нд анх удаа ашиглаж эхлэх гэж байна. Ингэснээр нислэгийн удирдагчдийн ажлын ачаалал болон хүний хүчин зүйлээс шалтгаалан гарах алдааг эрс бууруулж, энэ хэмжээгээр нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлж байгаа чухал ач холбогдолтой систем нэвтрэх юм.
Нийтлэгдсэн 2018-12-08