Агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” авиа компани дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд болон Монгол Улсыг зорих аялагчидад зориулан орон нутаг, олон улсын нислэгийн тийзийг хүссэн үедээ, цаг хугацаанаас үл хамааран худалдаж авах боломжийг олгож эхэллээ. Үйлчлүүлэгчид тус компаний нислэг үйлдэж буй чиглэлүүдийн тийзийг ийнхүү дэлхийн хаанаас ч захиалан авах боломж бүрдэж байгаа юм.
“Хүннү эйр” авиа компани сүүлийн 2 жилийн хугацаанд АНУ-ын Эйрлайнпрос /AirlinePros / компанитай хамтран ажилласны үр дүнд expedia.com, orbitz.com болон cheaptickets.com сайтуудаас орон нутгийн Хөвсгөл , Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Чойбалсан, Өмнөговь чиглэлийн, олон улсын Улаан-Үд, Манжуур, Эрээн хотуудын нислэгийн тийзийг шууд худалдан авах боломжтой болж байгаа. Түүнчлэн cheapoair.com болон БНХАУ-н ctrip.com сайтууд, kayak.com нислэгийн хайлтын системүүдээр дамжин тийз худалдан авах суваг нээлттэй болсон. Ингэснээр “Хүннү эйр” нь Монгол Улсын орон нутгийн нислэгийн тийзийг олон улсын онлайн сайтаар худалдаалж буй анхны компани болж байна.