Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба батлагдсан төлөвлөгөөний дагуу
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор аэродромын Нислэгийн хөдөлгөөний удирдлага/НХУ/-ын байранд шилжин ажиллах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ тухай тус албаны дарга П.Мөнхжаргал өнөөдөр НХҮА-нд болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар танилцуулга хийхдээ онцоллоо. Энэ 7 хоногийн сүүлээр шилжих сургалт эхлэх бөгөөд тус албаны 16 ажилтан БНСУ-ын Инчоны нисэхийн академид шилжин ажиллах үеийн сургалтад хамрагдах ажээ.
Мөн тус албаны хамт олон аэродром, ойртолт, бүсийн НХУ-ын секторын багтаамжийг тооцоолох, шинэ Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн автоматжуулалтын системийн техникийн тодорхойлолт, шинээр сектор хуваарилалтад өөрчлөлт оруулах санал боловсруулахаас гадна Бүсийн болон Ойртолтын бүсийн агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг багасгах судалгаа хийж, Агаарын тээвэрлэгчидтэй чанар, аюулгүй ажиллагааны талаар уулзалт, хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Өнгөрсөн онд 138195 нислэг бүртгэгдсэнээс Олон улсын өнгөрөлтийн нислэг 123296, олон улсын хөөрөлт, буулт, 8805, орон нутгийн хөөрөлт, буулт 6394 хийгдэж, олон улсын өнгөрөлтийн нислэг 2017 онтой харьцуулахад 11,3 хувиар өсчээ.
Өнөөдрийн Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг АНБЗГ-ын дарга Ё.Эрдэнэбат удирдсан бөгөөд нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг хэвийн явуулахад холбогдох алба хэлтэсүүд хэрхэн уялдаа холбоотой ажилласан болон алдаа дутагдал, анхаарч ажиллах зүйл юу байгаа талаар голчлон ярилцлаа.
ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом зарим газарт өмнөх Үйлдвэрлэлийн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт удаашралтай байгаад анхаарч, шуурхайн үүрэг даалгаварын биелэлтийн хангаж ажиллахыг үүрэг болголоо.