Нийтлэгдсэн 2019-03-13

Д.Эрдэнэбаатар: Монголын нисэхийн мэргэжилтнүүд ОУИНБ-д ажиллах эхлэлийг тавьж байгаа тул хариуцлага өндөр

17 дугаар жарны шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Монголын иргэний нисэхийн мэргэжилтэн анх удаагаа Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ОУИНБ/-д ажиллахаар хөлгийн жолоо заллаа.

Монгол Улсын иргэний нисэхийн байгууллага сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, техник технологийн шинэчлэл хийх, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр амжилттай ажиллаж байгаагийн нэг илрэл нь тус байгууллагын мэргэжилтэн Олон улсад уригдаж ажиллахаар болсон явдал юм. ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба/НМҮА/-ны Аюулгүй ажиллагаа, чанар хангалтын хэсгийн дарга Д.Эрдэнэбаатар Тайланд улсын Бангкок хот дахь ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвд ажиллахаар мордохын өмнө товчхон ярилцлаа.

-Монголын иргэний нисэхийн мэргэжилтэн анх удаагаа ОУИНБ-д ажиллахаар болж, иргэний нисэхийн салбарт нэгэн түүхэн үйл явдал болж байна. Иргэний нисэхийн салбарт хэзээнээс ажиллав?

-Ер нь хүүхэд байхаасаа нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Харамсалтай нь тухайн үед хэрхэн нисгэгч болох арга замаа мэддэггүй байсан болохоор өөр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ миний хүсэл мөрөөдөл намайг 2005 онд иргэний нисэх гэдэг байгууллагад хөтөлж оруулсан. Анх тус байггууллагад Аэронавигацийн инженер авна гэдэг зарыг найз маань хэлснээр шалгалт өгч, 3 сарын курст суугаад НМҮА гэдэг энэ байгууллагад 2005 оны 3 сард орж байлаа. Түүнээс хойш тасралтгүй 14 жил ажиллаж байна. Юуны түрүүнд НМҮА-ны хамт олондоо маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Анх Даваасүрэнгийн Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирснээс хойш өнгөрсөн хугацаанд намайг хөгжүүлж, боловсруулж, НМҮА-ны Эрдэнэбаатар болгож, цаашлаад бүр нисэхийн Эрдэнэбаатар гэж хэлэгдэх хэмжээнд хүртэл хөгжүүлж өгсөн байна. Энэ бол бахархахгүй байхын аргагүй зүйл юм. Одоо монголын Эрдэнэбаатар болох гээд явж байгаадаа маш их баяртай байна.

-ОУИНБ-д сонгогдон ажиллах шалгуур өндөр байж таараа. Үүнийг чухам хэрхэн давж, ямар үзүүлэлтээр шалгарав?

-Юуны өмнө албаныхаа удирдлагуудыг энд дурдахгүй байхын аргагүй. НМҮА-ны дарга             П.Ариунгэрэл, дэд дарга Д.Үлэмж нар надад итгэл хүлээлгэн олон чухал ажлыг хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгч намайг хөгжүүлж байсан. Албаныхаа хамт олонтой олон том ажлуудын ард гарсан. Тухайлбал, 2009 онд байгууллагадаа чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж ISO 9001 стандартын гэрчилгээ авсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хонгконг, Тайланд, Макао, Хойд Солонгос, БНСУ гэх мэт улсын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагуудаас гадна манай үндэсний байгууллагууд туршлага судлахаар ирсэн, цаашид ч ирэх хандлагатай байгаа. Үүнээс харахад манай байгууллага зүгээр нэг гэрчилгээ авах биш, чанарын менежментийн тогтолцоог үр дүнтэй, зөв нэвтрүүлжээ гэж боддог. Дараагийн нэг том ажил бол анхны олон улсын сургалтын хөтөлбөр боловсруулж, ОУИНБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн. Тус хөтөлбөрийнхөө дагуу 2 жил дараалан олон улсын сургалт зохион байгууллаа. Энэ бүхний үр шимээр ОУИНБ-д ажиллах өндөр шалгуурыг давж гарчээ.

-Анхны олон улсын сургалтын хөтөлбөр боловсруулсан гэлээ. Энэ ер нь ямар учиртай сургалтын хөтөлбөр вэ, хэр цаг хугацаа зарцуулав?

-Энэ бол Монгол Улсын хувьд маш том амжилт. Сүүлийн жилүүдэд чадварт суурилсан сургалт гэж их ярих болсон, сургалтын чиг хандлага ч тэр зүгт яваа. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний ажилтнуудын хувьд сургалтын асуудал нилээн тулгамдсан асуудал болоод байгаа, өмнөх сургалтын хөтөлбөрүүд нь одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон, ОУИНБ-аас заавар, зөвлөмж, гарын авлага гараагүй гэдэг шалтгаанаар сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт явуулдаг байгууллага манай бүсэд байхгүй болсон. Гэтэл сургалтын эрэлт, хэрэгцээ маш их байгаад байдаг. Ингээд бид ОУИНБ-ын гэрчилгээ олгодог, чадварт суурилсан шинэ сургалтын хөтөлбөр боловсруулах шийдвэр гаргаж өнөөдрийн энэ сургалтын хөтөлбөр бий болсон доо. Анхны юм болохоор алдаа дутагдалтай юм байгаа л байх. Гэхдээ засч залруулаад явбал бидэнд маш том зах зээл байгаа. ОУИНБ-аас ижил агуулга бүхий сургалтын хөтөлбөр боловсруулахыг хязгаарласан байдаг учир бусад сургалтын байгууллагад сургалтын хөтөлбөрөө зарах, урилгаар сургалтаа зохион байгуулах гээд олон боломж бий гэж харж байгаа. Англи хэл дээр 1074 хуудастай 2 долоо хоногийн сургалтын хөтөлбөр, гарын авлагын хамт боловсруулна гэдэг тийм амар ажил биш юм байна лээ. Тэгээд бүр үндсэн ажлын хажуугаар хийсэн учир нилээн их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон. Энэ хөтөлбөрийг би ганцаараа боловсруулаагүй юм шүү. Олон хүний хүч хөдөлмөр орсон байгаа. Манай П.Ариунгэрэл, Д.Үлэмж дарга нар зөвлөхөөр ажиллаж мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө өгч байсан. Б.Нямбаяр гэдэг мундаг залуу надтай хамт үндсэн ажлуудыг хийсэн. Нисэхийн сургалтын төвийн хамт олон маань зохион байгуулалтын бүх ажлуудыг хийсэн.

-Мэдээж эдгээр ажлуудыг чанартай, гүйцэтгэл сайтай хийсэн үүднээс хамт олон нь дахин дахин итгэл хүлээлгэж байсан байх. ОУИНБ-д ажиллахад шалгалт өгч байж явах уу? Яаж шалгаруулдаг юм бол?

-Хувь хүн гэхээсээ илүүтэйгээр байгууллагыг нь эхлээд харсан байх гэж бодсон. Манай байгууллага 2008 оноос эхлээд олон улсын хурлуудад оролцож эхэлсэн. Оролцох хурал болгондоо илтгэл тавьна гэсэн зорилт тавьдаг. Жишээ хэлэхэд иргэний нисэхийн хамгийн том хурал болох Ази, Номхон далайн бүсийн захирлуудын 48, 49, 52, 54 дүгээр хурлуудад зөвхөн манай байгууллага л асуудал дэвшүүлж хэлэлцүүлсэн байна шүү дээ. Манай П.Ариунгэрэл дарга Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлийн Ази, Номхон далайн бүсийн хурлыг сүүлийн 5 жил удирдсан байна. Энэ бүхэн манай байгууллагыг олон улсын хэмжээнд нэр хүндтэй болгосон. Дараа нь хувь хүний туршлагыг нь харсан байх. Миний хувьд хэд хэдэн удаа олон улсын хуралд оролцож байсан. Бүсийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлууд дээр тодорхой хэмжээний туршлагатай байсан. Мөн Олон улсын нисэхийн мэдээллийн менежментийн ажилтнуудын холбоо/IFAIMA/-ны Ази, Номхон далайн бүс хариуцсан захирлаар ажиллаж байсан. Энэ бүхнийг маань ОУИНБ-ын холбогдох мэргэжилтнүүд үнэлээд энэ хүн нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээрээ манай байгууллагад ажиллах боломжтой юм гэж дүгнэн тус байгууллагад ажиллуулахаар болсон байгаа.

-Одоо ямар ажил, албан тушаал дээр ажиллах вэ?

-Тайланд улсын Бангкок хот дахь ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн салбарт Нисэхийн менежментийн бүсийн ажилтан гэдэг албан тушаалд ажиллах юм.

-Анх удаагаа ОУИНБ-д ажиллахаар очиж буй монгол хүн гэж бодохоор сэтгэгдэл ямар байна?

-ИНЕГ-ын удирдлагууд надад том үүрэг даалгавар өглөө. Анхны хүн учраас мэдээж үүрэг хариуцлага өндөртэй. Би ямар байхаас дараа дараагийн хүмүүсийн маань ОУИНБ-д ажиллах эсэх шийдэгдэх өндөр хариуцлага хүлээлгэж байна. ИНЕГ-ын болон НМҮА-ныхаа удирдлагуудын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийн төлөө мэдэх, чадах бүхнээ зориулна гэж хэлмээр байна.

-Мэргэжлийн онцлогоо хүмүүст тодорхойлж хэлээч? Албаныхаа хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байна. Бүх зүйл цахимжиж, цаастай зууралддаг байдал халагдан, тоон өгөгдөл дээр ажилладаг болж улам нарийн болон хөгжиж байгаа. Манай нисэхийн салбар ч энэ хөгжлөөс хоцролгүй техник технологийн шинэчлэлтүүдийг хийж маш олон програм хангамж, автомат системүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Эдгээр систем, програм хангамжуудын гол амин судас нь нисэхийн мэдээлэл, нисэхийн өгөгдөл байдаг. Өгөгдөл, мэдээлэлгүйгээр ямар ч мундаг систем, тоног төхөөрөмж байгаад бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй. Энэ амин судас болсон нисэхийн мэдээлэл, нисэхийн өгөгдлөөр хэрэглэгчдээ хангаж ажилладаг хүмүүс дээ. Мэдээлэл, өгөгдөл дээр илүү ойр ажилладаг болохоор ч тэрүү манай залуус мэргэжлийн хүмүүст ч, энгийн иргэдэд ч хэрэг болох маш олон програм хангамж, ухаалаг утасны аппликейшнүүдийг хийсэн байгаа. Заавал сонирхож үзээрэй. Манай улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага хөгжлөөрөө Ази, Номхон далайн бүстээ эхний 2-т ордог. Энэ эрчээ алдахгүйн төлөө манай хамт олон хичээн ажиллаж байгаа.

-Залуу хүний амьдралд баярт мөч тохиож байна. Гэр бүлээ танилцуулаач?

-Миний эхнэр Э.Ариунсанаа энэ албанд хамт ажилладаг. Цэцэрлэг, сургуулийн 2 сайхан залуугаа үлдээгээд явж байна. Энэ амжилтанд хүрэхэд хамт байж, миний төлөө бүх асуудлыг зохицуулж байсан эхнэртээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper