ИНЕГ-аас ажилтнууддаа зориулан зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг”-аар “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга”-ын талаар мэдээлэл хийлээ.
Тус байгууллага нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран хүүхэд хамгааллын таван жилийн аяныг 2017 оны 06 дугаар сарын 01-нээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг аргын талаарх гэр бүл, хүүхдийн мэдлэгийг дээшлүүлэх замаар хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бий болгох гол зорилготой юм.
Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан, хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай байлгахыг эрхэмлэж ирсэн. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга нь дэг журмыг таниулах гэрийн сургааль бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хөтөч нь аав, ээж, гэрийн ахмад хүмүүс байж, хүүхдийн насны онцлогыг харгалзан аливааг зааж, дагуулан сургаж, ухааруулж өсгөдөг. Монголчууд хүүхдийг мэдлэгжүүлж, боловсруулахаас өмнө “Хүн шиг хүн болгон хүмүүжүүлэх”-ийг чухалд үздэг. Өөрөөр хэлбэл хүн олж авсан хүмүүжлээрээ ухаан сууж, төлөвшин хурдан боловсорч болдог бол төлөвшсөнийхөө дараа хүмүүжих нь нэн бэрх гэж үздэг. Эцэг эх сэтгэл, ухаанаа шингээж сайн хүн болгох, насанд нь тохируулж сургах, хандах, хориг хязгаарын эрдэмд сургах, өөрөө дагуулж үлгэрлэж заах, хүүхдийн алдааг засахдаа үйлдэл, бодит байдал, мөн чанарт төвлөрөх, хүнлэг ёсны зарчимд сэтгэл, ухааныг нь барьцалдуулж өгөх нь хүүхдийг зөв хүн болгох Монгол ухааны онцлог.
Хүний биед амьсгалах, идэх, уух, унтах гэх мэт үндсэн хэрэгцээ байдаг бөгөөд энэ нь амьдрахад зайлшгүй шаардлагатай. Хүүхдүүдэд үүнтэй адил хүүхдийн хөгжилд нэн чухал нийгмийн болон сэтгэл зүйн хэрэгцээ бий бөгөөд эцэг эх, үр хүүхдийн хоорондын харилцааны эерэг зөв хандлага бүрэлдэн бий болох нь маш чухал гэдгийг гэр бүл судлаач мэргэжилтнүүд онцоллоо.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочныг АНБЗГ-ын Нислэгийн урсгал төлөвлөлтийн албанаас урьж оролцуулсан бөгөөд хүүхдийн эрх хамгаалал, хүүхдийн хөгжлийн онцлог болон хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.hyyhedburt.mn вэбсайт руу орж мэдээлэл авах боломжтой юм байна.