ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлсэн ажлын туршлагаас нь судлахаар БНСУ-д ажиллаж байна.
ИНЕГ-аас БНСУ-ын Инчеоны нисэхийн академитай хамтран зохион байгуулж буй “Нисэх буудлын үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх” туршлагыг судлах сургалтад нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх агаарын тээвэрлэгчид, хилийн хяналтын байгууллагууд, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба болон Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргааны албаны төлөөлөгчид хамрагдаж байна. Тус сургалтаар БНСУ-ын Гимпо нисэх буудлыг Инчеон нисэх буудалд нүүлгэн шилжүүлсэн зохион байгуулалт болон нүүлгэлтийн үеийн хүндрэлийг тооцоолж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргачлалаас туршлага судлах юм. Ингэснээр шинэ нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.
Нийтлэгдсэн 2019-03-13