Нийтлэгдсэн 2019-03-13

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-БНСУ-ын Asiana Airline /Асиана эйрлайнз/ компани Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлддэг болсноор бий болох давуу тал юу вэ. Олон нийт бол тийзний үнэ буурах болов уу гэж хүлээж байна. Мөн Асиана эйрлайнзын тухайд тодруулбал?

-Асиана эйрлайнз нь 1988 онд байгуулагдсан Солонгосын хоёр дахь том авиа компани юм. Дэлхийн 30 авиа компанитай аяллын дугаар хамтран ашигладаг, 83 агаарын хөлөгтэй, олон улсын 76 чиглэлд нислэг үйлддэг дэлхийд дээгүүрт ордог авиа компани.

Монгол-БНСУ хооронд хийгддэг агаарын тээврийн эрэлт сардаа дунджаар/аялал жуулчлалын бус улиралд/ 3000 суудал байдаг. МИАТ, Корейн эйр компаниуд энэ эрэлтийг хангаж ирсэн. Гэхдээ ачаалал ихтэй зуны улиралд суудал хүрэлцдэггүй. Харин ирэх сарын сүүлээс  Асиана эйрлайнз нислэг үйлддэг болсноор суудлын тоо 5000 болж нэмэгдэнэ, эрэлт хангагдана гэсэн үг. Эрэлтийг давсан нийлүүлэлт хийхээр зорчигчдод хамгийн таатай үйлчилгээ санал болгосон нь суудал дүүргэлт сайтай өрсөлдөөн бий болно. Энэ нь агаарын тээврээр үйлчлүүлэгч, зорчигчдод илүү таатай, сонголт хийх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Дээр нь бид хямд үйлчилгээтэй /Low cost үйлчилгээ/ Эйр бусан болон МИАТ компани долоо хоногт тус бүр хоёр удаа, 162 хүртэл хүний суудалтай агаарын хөлгөөр Улаанбаатар-Бусан чиглэлд нисдэг байсан бол одоо 195 хүртэл суудалтай агаарын хөлгөөр долоо хоногтоо тус бүр гурван удаа нислэг үйлдэхээр болгож нэмэгдүүлсэн.  Бид авиа компаниудад “Энэ чиглэлд хамгийн хямд тийз зарна шүү” гэдэг нөхцөл тавьсан.

МИАТ компанийн Бусан руу хийдэг нислэг алдагдалтай байгаа. Иймээс бид МИАТ-ийнхэнд  “Та бүхэн бусад авиа компанитайгаа өрсөлдөж, хямд тийз зарахгүй бол энэ чиглэлээс гараад Сөүлийн чиглэлдээ анхаараарай. Алдагдалтай ажилладаг чиглэлд нь хямд үнэтэй нисээд ашигтай ажиллах өөр авиа компани явуулъя” гэж хэлсэн байгаа. МИАТ компани ч зөвшөөрсөн. Тиймээс Улаанбаатар–Бусаны чиглэлд Монголд шинээр байгуулагдсан, болон одоо агаарын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа авиа компаниудаасаа явуулах сонирхол бий. Энэ чиглэлд “low cost” буюу хямд үйлчилгээтэй, ирж, буцах тийзний үнэ 200 ам.доллар хүртэл хямд байвал зорчигчдод илүү таатай нөхцөл бий болно шүү дээ.

-Монгол Улс, БНСУ хооронд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрээр МИАТ, Корейн эйр, Асиана эйрлайнз компаниуд нь долоо хоногтоо хэдэн удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр байгаа вэ. Солонгосын авиа компаниуд суудлын тоо ихтэй онгоцоор үйлчлэхээр МИАТ-аас илүү ашигтай тээвэрлэлт хийнэ гэсэн үг үү?

-Агаарын харилцаа тэгш хэмийн зарчимд суурилах ёстой. Хоёр орны хооронд байгуулсан байсан 2003 оны Агаарын хэлэлцээрт бид өнгөрсөн нэгдүгээр сард өөрчлөлт оруулснаар дэвшил гаргаж чадсан. Энэ нь ямар өөрчлөлт вэ гэхээр авиа компаниудынхаа нислэгийг зорчигчийн тоогоор тэнцүүлэхээр болсон. Тэгэхээр долоо хоногт МИАТ 2500 зорчигчийг 11 нислэгээр, Корейн эйр, Асиана эйрлайнз авиа компаниуд 2500 зорчигчийг 9 нислэгээр тээвэрлэх болж байгаа.  МИАТ суудал багатай агаарын хөлөгтэй, Корейн эйр, Асиана эйрлайнз авиа компаниуд олон суудалтай агаарын хөлөгтэй учраас нислэгийн тоо нь ийм зөрүүтэй байгаа юм.

Өмнө нь МИАТ, Корейн эйр компаниудаар зорчсон үйлчлүүлэгчдийн тоо маш зөрүүтэй байсан. Тухайлбал, 2017 онд МИАТ нь Корейн эйр-ээс 29 мянган зорчигчоор бага зорчигчдод үйлчилсэн байх жишээний. Энэ харьцааг 2003 оноос хойш өөрчлөх гэж явсаар сая Агаарын харилцааны хэлэлцээрт амжилттай өөрчлөлтүүдийг хийж чадсан юм.

-МИАТ компани Сөүлээс цааш гуравдагч орон руу нислэг үйлдэх боломж бас нээгдэж байгаа гэх. Энэ талын нэмэлт мэдээлэл өгөөч?

-МИАТ компани Корейн эйр компанитай аяллын дугаар хамтран эзэмшдэг. Одоогоор дээрх компаниуд нэг нислэг дээр кодоо хуваагаад хэрэглэж байгаа.  Энэ нь Корейн эйр-ийн тийзээр МИАТ-ийн онгоцоор БНСУ-руу, МИАТ –ийн тийзээр Корейн эйр-ийн онгоцоор зорчих боломжтой харилцан хэлэлцээр үйлчилж байгаа. Үүнийг илүү өргөтгөсөн гэж хэлж болно. Нэг ёсны Сөүл хүрээд зогсдог байсан аяллын үйлчилгээг гуравдагч орон руу зорчих боломжтой байхаар тусгаж өгсөн. Тэгэхээр МИАТ компани Корейн эйр, Асиана хоёрын аль сайн ажиллаж байгаатай нь харилцаагаа өргөжүүлээд гуравдагч орон руу аяллын дугаар хамтран ашиглаж нислэг үйлдэх боломжтой болж байна. Ингэхлээр зорчигч мөн л хямд тийз захиалах боломж гарч ирнэ.

-“Асиана эйрлайнз” нислэгийн аюулгүй байдлыг хэр хангасан авиакомпани вэ?

-Агаарын тээврийн аюулгүй байдал маш олон үзүүлэлтээр хангагддаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас авиакомпаниудыг үнэлж, хэрвээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй байвал хар жагсаалт руу оруулдаг. Асиана эйрлайнз аюулгүй байдал хангадаг учраас дэлхийн маш олон орон руу нислэг үйлдэж байна.

Асиана эйрлайнз авиакомпанийн агаарын хөлгийг Монгол руу нислэг үйлдэхийнх нь өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албанаас шалгана.

-Асиана эйрлайнз шалгарахад Монголын талаас оролцсон уу. Санал өгөх ч юм уу байдлаар?

-Агаарын ямар тээвэрлэгчээ сонгох нь тухайн орны бүрэн эрхийн асуудал байдаг. Агаарын харилцааны хэлэлцээрт талууд харилцан тохиролцоод танайхаас нэг, манайхаас нэг агаарын тээвэрлэгч энэ чиглэлд нислэг үйлдэнэ гээд тусгахаас биш авиакомпанийг сонгодоггүй. Тиймээс тухайн улс ямар авиакомпаниа сонгож нисгэх томилгоо хийх нь тухайн улсын асуудал эрхэлсэн  байгууллагынх нь эрхийн асуудал. Энд хөндлөнгөөс оролцвол тухайн улсын бүрэн эрхэд нь халдаж байна гэсэнтэй адил болно.  Харин бид Агаарын хэлэлцээрийн дагуу шаардлагуудаа тавьж болдог.

БНСУ-ын талаас ярьж байснаар бол Асиана эйрлайнз шалгарахад тус улсын Зам тээврийн яам ч оролцдоггүй юм билээ.  Энийг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тусдаа комисс шалгаруулж томилгоо хийдэг. Бид харин эндээс суралцаж бас ийм зарчмаар явбал яасан юм бэ гээд судалж байна.

– Улаанбаатар-Астанагийн чиглэлд шууд нислэгтэй болсноор Европ руу хямд үнээр аялах боломж нээгдэх тухай мэдээлэл байгаа. Хэзээнээс энэ боломж хэрэгжих вэ?

-Казахстан улсын СКАТ компани томилгоогоо авсан байгаа. Астана-Улаанбаатар-Астана, Алматы-Улаанбаатар-Алматы, Усть-Каменогорск-Өлгий-Усть-Каменогорск чиглэлд долоо хоногт 2 удаагийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон байдаг.  СКАТ компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчдог зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэж сонголт хийх боломж бий болно. Өнгөрсөн жилүүдэд баруун тийш аялах бол Турк эйрлайнс, МИАТ хоёрыг хардаг байсан бол дахиад нэг авиа компанийг харж сонголтоо хийх боломж гарч байгаа гэсэн үг. СКАТ нислэгээ гуравдугаар сардаа багтаан эхлүүлнэ.

-Цаашдаа олон улсын чиглэлийн нислэгүүд нэмэгдэх үү?

-МИАТ  компани Гуанжу руу шинэ нислэг хийж байна. Шанхай руу нислэг хийхээр цагийн хуваарь судалж байгаа. Изиннис эйрвис компани шинээр байгуулагдаад онгоц шалгах нислэгүүдээ Ханбумбат руу хийж байна. Олон улсад мөн явж шалгуулна. Үүний дараа Изинис эйрвис компанийн томилгооны асуудал яригдана. Зам тээврийн хөгжлийн яамнаас томилгоо өгдөг. Тухайн компани олон чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавьсан байгаа.

-Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал ашиглалтад орохоор илүү өргөн боломж нээгдэнэ биз. Ирэх намартаа багтаад онгоц хүлээн авдаг болох уу?

-Ирэх намрыг хүлээлгүй шинэ нисэх буудалдаа одоо ч онгоц хүлээн авч, хөөргөж болно. Гэхдээ Японы талтай хийж байгаа гэрээ, хэлэлцээрээс нэлээд зүйл шалтгаалах болоод байгаа. Энэ нь шинэ нисэх буудлыг цааш авч явах концессын гэрээ юм. Гэрээний хугацаа 15 жил. Монголын тал 49 хувь, Японы тал 51 хувь эзэмшинэ. Японы менежмент орж ирснээр Монголд үйлчилгээний шинэ хувьсгал нэвтрүүлнэ гэж харж байгаа. Гэвч Японы талаас бүх бэлтгэл хангасны дараа ашиглалтад оруулна гээд удаашруулах төлөвтэй байгаа. Хэрэв концесс байгуулах хэлэлцээр энэ сардаа дуусвал гарын үсэг зурах ажил гуравдугаар сардаа хийгдэнэ гэсэн хүлээлттэй. Гэхдээ концессын гэрээ байгуулагдаж, гарын үсэг зурагдсан ч япончууд арван сар бэлтгэл ажил хийнэ гэж айлгаад байгаа. Монголын талаас аль болох богино хугацаанд бэлтгэл хангаж, шинэ нисэх буудлыг даруй ашиглалтад оруулна гэдгээ хэлж байна. Эцсийн шийдэл хараахан гараагүй байна.

Ерөнхий сайдын зүгээс ирэх долдугаар сард шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг үүрэг болгосон. Санаагаар болдог бол нисэхийн баяр буюу тавдугаар сард ч шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулчихмаар байгаа. Даанч биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйл байна.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсон нөхцөлд боломжууд мэдээж нээгдэнэ. Буянт-Ухаагийн нисэх буудал хязгаарлалтад ордог. Бойнг 747 буюу давхар онгоц өдөр болгон буух боломжгүй. Харин Хөшигийн хөндийд барьсан нисэх онгоцны буудал хязгаарлалтгүй. Терминаль нь том, 3 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай гээд илүү өргөн боломж нээгдэнэ.

-Олон улсын нислэгийн шинэ, шинэ чиглэл нэмэгдэх, мөн шинэ нисэх буудал ашиглалтад орох нь тийзний үнийг бууруулах боломжийг бүрдүүлэх үү. Ер нь Монголд агаарын тээврээр зорчих үнэ өндөр байдаг нь өрсөлдөгчгүйгээс болоод байдаг юм уу, Эсвэл энд өөр шалтгаанууд нөлөөлөөд байна уу. Онгоцны түлш ОХУ-аас хараат байдаг нь тийзний үнэ өндөр байх бас нэг шалтгаан гэж харагддаг?

-Шатахуун ч нөлөөтэй л дээ. Гэхдээ энэ бол ганц л шалтгаан нь. Агаарын тээврийн нэг зовлонтой юм нь бүх юм ам.доллараар тооцогддог. Нисгэгч, үйлчлэгчийн хувцас, хоол, хүнс, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл гээд бүх үйлчилгээ валютын ханшаар тооцогддог.

2010, 2011 онд ам.доллар 1100 төгрөгтэй тэнцэж байсан. Тэр үед МИАТ компанийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёр талдаа явах тийз 600 ам.долларын үнэтэй байсан бол өнөөдөр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалаад 1.2 сая төгрөгөөр хоёр талдаа явах тийзээ захиалж авч байна. Уг нь МИАТ тийзний үнээ нэмээгүй. Гэтэл төгрөгийн ханш суларсан нь тийзний үнэд нөлөөлсөн. Гэтэл МИАТ л өндөр үнэтэй тийз зараад байдаг юм шиг үйлчлүүлэгчид ойлгодог. Цаад талд нь ам,долларын ханш гэж юм бий шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дээр нь монголчууд төлөвлөж амьдарч сураагүй. Цагийг нь тулгаж тийз захиалаад хэвшчихсэн. Цаг нь тулчихаар зорчигч ихтэй, ачаалалтай үед өндөр үнэтэй тийз худалдан авч үйлчлүүлэхээс аргагүй болдог. Цаашдаа олон улсад мөрддөг, зорчигч жилийн өмнө захиалгаа өгч хямд тийз худалдаж авах боломжтой гэх мэт үйлчилгээний соёлд суралцмаар юм шиг санагддаг.

Агаарын зах зээлд суудал нийлүүлэлт их байх тусам тийзний үнэ буурч, хомсдох тусам өсдөг жишигтэй. Гадаадын авиа компаниудын суудал дүүргэлт 70 хувьтай байж, ашигтай ажиллаж эхэлдэг. МИАТ ч мөн ижил. 20, 30 хүн суулгаад нисээд байвал алдагдал хүлээнэ. Тиймээс нэг чиглэл рүү гурван ч авиа компани нислэг үйлдээд эхлэхээр авиа компаниудын дунд өрсөлдөөн бий болж байна. Хэн сайн маркетинг хийж гэр бүлээрээ аялахад гурав дахь хүн нь, эсвэл хүүхэд нь үнэгүй гэдэг ч юм уу, ийм хөнгөлөлтүүд гарч ирэх байх. Энэ нь мэдээж зорчигчдод ашигтай. Одоогийн байдлаар тийзний үнэ яг тэдэн хувиар буурна гэсэн тоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан өрсөлдөөнийг нэмэгдүүллээ, яваандаа зорчих билетийн үнэ нэлээн сайн буурна гэж ойлгох хэрэгтэй.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper