БНХАУ, Монгол Улс болон ОХУ-уудын Иргэний нисэхийн Агаарын навигацийн байгууллагууд хамтран Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх анхдугаар уулзалтыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгууллаа. 2018 оны 8 сард зохион байгуулагдсан БНХАУ болон Монгол Улсын Нислэгийн хөдөлгөөний менежментийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр Нислэгийн урсгал төлөвлөтийн менежментийг хамтран хэрэгжүүлэх санаачилга гарган энэхүү уулзалтыг Монголын талын санаачилгаар зохион байгуулсан болно.
Анхдугаар уулзалтаар Олон Улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стратеги төлөвлөгөө тэр дундаа нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх талаарх бодлогыг хэлэлцэн цаашид дэмжин хамтран ажиллахаар талууд тохиролцлоо. БНХАУ-ын Иргэний нисэхийн их сургуулийн эрдэмтэн профессорууд Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж буй үйл явцад үнэлэлт өгч, судалгаа хийснээ танилцуулсан.
Европ тивээс Ази тив тэр дундаа Зүүн-Хойд болон Зүүн өмнөд Азийг холбосон нислэгүүд нэмэгдэж буй бөгөөд дээрх чиглэлийн Нислэгийн хөдөлгөөний урсгалын ихэнх хувь нь энэхүү 3 улсаар дамжин өнгөрч байна. Иймээс нислэгийг аюулгүй, үр ашигтай нэвтрэн өнгөрүүлэхэд Нислэгийн хөдөлгөөний урсгалын менежментийг хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг буй болгож байгаа юм. Дээрх 3 улсын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд нислэгийн урсгал, төлөвлөлтийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар өөрсдийн туршлагаас хуваалцаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн хамтын ажиллагааны асуудлаар санамж бичигт гарын үсэг зурахаар талууд тохиролцлоо.
Түүнчлэн агаарын тээвэрлэгчид энэхүү уулзалтад оролцон агаарын зайг үр ашигтай ашиглах талаарх өөрсдийн саналуудаас товч танилцуулав.