Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлтийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангах үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар өртөөний дарга Ц.Төрмөнх, Шуурхай ажил хариуцсан орлогч дарга Б.Батдөл нараар ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 11, 18-ны өдрүүдэд ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо. Төлөөлөгчдөд ажлын байр, тоног төхөөрөмжийг сонирхуулж, нислэгийн удирдагчдын ажлын онцлогийн талаар НХҮА-ны дарга П.Пүрэвсүх танилцуулав.
Улаанбаатар өртөө нь зорчигчийн болон ачааны галт тэргийг хүлээн авах, явуулах, шууд өнгөрүүлэх, задлан найруулах, олон улсын болон орон нутгийн тээврийн бичиг баримт үйлдэх, тээвэрлэлтийн төлбөр тооцоог хийх, нийтийн эзэмшлийн болон дагнасан хэрэгцээний салбар замуудад ачилт буулгалтын ажиллагаанд вагоныг тавьж өгөх, татаж авах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг зам, тээврийн салбарын чухал байгууллага юм.
Тиймээс зам, тээврийн нэг салбарт ажилладаг, ИНЕГ болон УБТЗ-ын харьяа үйлчилгээний 2 байгууллага цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.