ИНЕГ-ын харьяа Холбоо, навигаци, ажиглалтын алба/ХНАА/-ны хамт олон Электрон оффис буюу цахим бүртгэлийн системийг агаарын навигацийн тоног төхөөрөмжийн бүртгэл гэрчилгээжүүлэлт, сэлбэгийн бүртгэл, техник үйлчилгээ, гэрээ, журам, зааврын online хяналт, гэмтэл саатлын бүртгэл зэрэг үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрт оруулан ажиллаж байна.
Тоног төхөөрөмж хэдэн онд ашиглалтад орсон, хэзээ ашиглалтын хугацаа дуусч солих шаардлагатай вэ гэдгээс авахуулаад ямар сэлбэг хэд үлдсэн гээд тус албаны харьяанд байдаг 3000 орчим тоног төхөөрөмжийг нэгдсэн бүртгэлийн системд оруулж байна. Мөн тус албаны ажилчид ажлын шаардлагаар хамгийн их томилолтоор явдаг. Хэн, хэзээ, хаашаа ямар дуудлагаар явж, ямар засвар үйлчилгээ хийсэн нь цаг хугацаа, засвар үйлчилгээтэйгээ цахимд бүртгэгдэнэ. Ингэж тоног төхөөрөмж, үйлчилгээг цахимжуулж, бүртгэлжүүлэхээр ажлын хариуцлага, чанарын хяналт өндөр болно гэдгийг тус албанд болсон Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн дээр ХНАА-ны дарга Д.Баяртогтох танилцууллаа. Энэхүү бүртгэл, хяналтын шинэ системийг нь Нисэх буудлуудын удирдах газар болон Газрын тусгай үйлчилгээний албанаас авч хэрэгжүүлэх саналаа ирүүлээд байгаа аж.
Тус алба нь иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо, навигаци, бодит ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг юм.