Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй салбарын аварга шалгаруулах спортын зургаан төрөлт тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.
Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажилтнуудын эрүүл чийрэг бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилгоор иргэний нисэхийн салбарынхан баяраа угтаж, спортын зургаан төрлөөр өрсөлдөх юм.
Хөл бөмбөгийн тэмцээнд Нисэх буудлуудын удирдах газар, Холбоо, навигаци, ажиглалтын алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба зэрэг ИНЕГ-ын харьяа байгууллагуудаас гадна Хүннү Эйр, Аэромонголиа, Изинис Эйрвэйз зэрэг агаарын тээвэрлэгчдийн нийт 11 баг оролцож байна. Багууд гурван хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд маргааш аваргаа тодруулна. Хөл бөмбөгийн тэмцээнийг ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба хариуцан зохион байгуулж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК ивээн тэтгэгчээр оролцож байна.
Нисэхийн баяр угтсан спортын тэмцээний гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын төрлүүд 5 дугаар сарын 22-ний өдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болох ба 23-ны өдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр иргэний нисэхийнхний баяраа угтсан спортын тэмцээн өндөрлөж, “Шилжин явах цом”-ын эзнээ тодруулах юм.