ИНЕГ-ын Мэдээллийн технологи, инноваци, судалгаа хөгжлийн алба/МТИСХА/ болон Голомт банкны Мэдээллийн технологийн газар хамтран ИНЕГ-ын мэдээллийн технологийн ажилтнуудын уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар дижитал шилжилтийн стратегийг амжилттай хэрэгжүүлэхэд хүн, байгууллагын соёл, засаглал, технологи болон чадамжийн үзүүлэх нөлөө, их өгөгдөл ба өгөгдлийн анализ, мэдээллийн аюулгүй байдлын дотоод, гадаадын чиг хандлага, кибер халдлагаас хамгаалах зэрэг сэдвүүдээр санал солилцож, туршлага солилцоо.
Их өгөгдөл, автоматжуулалт, эд юмсын интернэт, хиймэл оюун ухаан, өөрөө явдаг тээврийн хэрэгслүүд болон виртуал бодит байдал зэрэг дижитал шилжилтийн үйл явцууд нь бүхий л салбарт шинэчлэл авчирч байгаа билээ. Энэ шинэчлэлийг иргэний нисэхийн салбарт нэвтрүүлж хэрэгжүүлэх зорилгоор МТИСХА-аас салбарын дижитал шилжилтийн стратегийг боловсруулж байна. Дижитал эрин үед аливаа байгууллага амжилттай ажиллахын тулд дижитал технологийг нэвтрүүлэх замаар байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа бөгөөд үүний тулд байгууллагын удирдлагын хүчтэй дэмжлэг, оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал юм.