ИНЕГ-ын хурлын танхимд Холбоо навигаци, ажиглалтын албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо.
Тус алба нь иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо, навигаци, бодит ажиглалт, гэрэл суулт, цахилгаан хангалтын найдвартай, тасралтгүй үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн гол албадын нэг юм. Тиймээс Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтан албаны үйл ажиллагаагаа бусад харьяа алба, салбар байгууллагын хамт олондоо танилцуулах, сурталчилах ажлыг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгийг Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ё.Эрдэнэбат нээж үг хэллээ. Тэрбээр “Нислэгийн аюулгүй байдлыг хангасан бүхий л үйл ажиллагаанд, хөшигний ард ажлаа явуулж буй олон чухал алба, салбарууд байдаг. Тэдгээрийн нэг болох ХНАА нь нисэхийн салбарын техник, технологийн найдвартай үйл ажиллагааг хариуцаж ажилладаг чухал алба юм. Энэ албаны өнөөдрийн үйл ажиллагаанаас эхлэн манай АНБЗГ-ын харьяа албадуудын үйл ажиллагааг хамт олондоо цувралаар танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг ийнхүү эхэлж байна” гэлээ.
Өдөрлөгийн үеэр ХНАА-ны дарга Д.Баяртогтохтой ярилцлаа.
– Нээлттэй хаалганы өдөрлөгөөр ямар үйл ажиллагаагаа ач холбогдол өгч танилцуулахыг зорьж байна вэ?
– Өнөөдөр албаныхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулах, инженерүүд маань юу хийдгийг харуулах, сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гол нь нисэхийн салбарыг онгоц, нисгэгч, агаарын хөлөгт зорчигчдыг суулгаад хөөрөхөд л болдог гэсэн энгийн нийтлэг ойлголт байх шиг байдаг. Гэтэл хөшигний цаана, тэр онгоц хөөрөх, буухын ард хэдэн зуу, мянган хүн далд ажиллаж байдаг. Агаарын хөлөгт аюулгүй, түргэн шуурхай, бусад улс орны үйл ажиллагаанд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд ард нь олон хүн, асар хариуцлагатай үйл ажиллагаа хариуцаад ажиллаж байдаг. Энэ чухал, далд үйл ажиллагааны нэг хэсгийг манай алба хариуцаж, агаарын хөлгүүдэд холбоо, навигац, ажиглалт, гэрэл суулт- цахилгаан хангалт гэсэн үндсэн дөрвөн үйлчилгээг үзүүлж нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байдаг. Нисэхийн бүх үйл ажиллагаа хүний нүдэнд ил харагддаггүй. Гэтэл нисгэгч, нислэгийн удирдагч хоёрыг холбодог дээрх дөрвөн төрлийн үйлчилгээ жишээ нь манай албаны үндсэн үйл ажиллагаа байж 250-аад инженер далд хөдөлмөрлөж байдаг юм.
– Та үндсэн дөрвөн үйлчилгээнийхээ талаар арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
– Холбооны үйлчилгээ гэхэд Монгол Улсын хаана ч нисч буй агаарын хөлгийг Улаанбаатараас бүрэн удирдах боломжийг бүрдүүлсэн холбоо, тоног төхөөрөмжийн блэнэ байдлын үйлчилгээ юм. Мөн тухайн аэродромын бүсэд агаарын хөлөг ойртоод ирэхэд цамхагаас нислэгийн удирдагч онгоцыг удирдах бүх боломжийг хангаж өгдөг.
Аэродром навигацийн үйлчилгээ гэж бий. Энэ нь онгоц яг л автомашин шиг замаар явдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, газрын зураг дээр харвал аалзны тор шиг агаарын олон замаар онгоц нисэхэд газраас тухайн онгоцыг замд чиглүүлж өгдөг. Тэр агаарын замаараа хазайхгүй, алдаа мадаггүй, аюулгүй нисэхэд нь газрын навигацийн тоног төхөөрөмж тусалдаг юм. Тэр тоног төхөөрөмжийн асуудлыг манай алба хариуцаж ажилладагаа гэсэн үг. Мөн нисэх буудлын зурваст агаарын хөлөг цаг агаарын ямар ч нөхцөлд, ямар ч саадгүй газардахад нисгэгчид бүрэн дэмжлэг үзүүлж автомат суултын систем ажиллаж байдаг. Мөн оролтын схем хийж тухайн онгоц нисэх буудалд аюулгүй газардах бүх нөхцөл бололцоог хангаж өгдөг.
Ажиглалтын үйлчилгээ бол агаарт нисч байгаа агаарын хөлгүүдийг нислэгийн удирдагчийн өмнө харж удирдах боломжийг бий болгож үйлчилгээ. Тодруулбал, энэ онгоц хаана, ямар өндөрт, ямар дуудлагатай онгоц нисч байна вэ гэдгийг тооцоолоод нислэгийн удирдагчийн өмнө дэлгэц дээр гаргаж өгөх, харагдуулах, /агаарын хөлгийн байрлалыг тогтоож өгөх/ нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа тоног төхөөрөмжийн ажиллагаа.
Гэрэл суулт-цахилгаан хангалтын үйлчилгээний хувьд гэрэл суулт маань тухайн аэродром дээр онгоц суулт үйлдэхэд нисгэгчид зурвасыг олох, зөв өнцгөөр суух, зурвас дээр зөв маневер хийх, газардах бүх нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байгаа гэрэл суултын үйлчилгээ гэж ойлгож болно. Дээр нь агаарын навигацийн бүх тоног төхөөрөмжийн цахилгааны тасралтгүй үйл ажиллагааг хариуцдаг.
Агаарын навигацийн 3000 гаруй тоног төхөөрөмжүүдийг 24 цагаар жилийн 365 хоног, 1 ч секунт тасрахгүйгээр асаалттай байлгах цахилаан тэжээлтэй байна гэдэг хамгийн чухал ажил байдаг. Ингэж ажиллахын тулд цахилгааны үйлчилгээ маань 3-4 эх үүсвэрээр нэг төхөөрөмжийг тэжээж байж тасралтгүй үйлчилгээ үзүүлж ажиллана. Үндсэн цахилгааны төвийн сет, дизель генератор, нарны цахилгаан станц, батерей гэх зэрэг олон тэжээлийн эх үүсгэвэрээр зэрэг зэрэг тэжээж байж тэр олон техник, технологийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж, хариуцаж байдаг. Энэ тэжээлийн бүх үүсгэвэрийг зэрэг тэжээж байж найдвартай ажиллагааг хангана. Тэгэхээр агаарын навигацийн 3000 гаруй төхөөрөмжүүдийг манай албаны 250 инженер хариуцан 24 цагаар ажиллуулж МУ-д нисч байгаа агаарын хөлгүүдийн аюулгүй байдлын энхийн манаанд зогсч байдаг гэж хэлж болно.
-Танай албаны үйл ажиллагааны гол онцлог нь гэвэл?
-Нислэг хөдөлгөөний удирдлага маань зөвхөн Улаанбаатараас үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч МУ даяар тархан байршсан 3000 гаруй тоног төхөөрөмж, 40-өөд байгууламжийг тасралтгүй байдлыг хариуцаж ажиллах, сэлбэг, тоног төхөөрөмжөөр хангах, техникийн засвар үйлчилгээг манай инженерүүд хариуцан хүчин зүтгэж байна. Тиймээс бусад алба зөвхөн Улаанбаатарт суурьшин үйл ажиллагаа явуулж болдог бол манай алба МУ даяар тархан байршсан тэр олон тоног төхөөрөмжийг хариуцан, нөр их хөдөлмөр зарж ажилладаг гэдгээрээ онцлог.
-Тоног төхөөрөмжүүдийн хувьд олон улсаас хоцрохгүй, технологийн хөгжилтэй хөл зэрэгцүүлж чадаж байна уу?
-Манай улс ОХУ, БНХАУ гэсэн 2 том их гүрний дунд оршиж байна. Тиймээс жижиг улс гээд тэдгээр улсуудад нэвтрүүлсэн тоног төхөөрөмжүүдээс доор байж болохгүй. Их гүрний хэмжээнд, олон улсын стандартын дагуу нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг авч явах ёстой. Тиймээс тухайн улс орон ямар тоног төхөөрөмж ашиглаж байна, тэдгээртэй дүйцхүйц тоног төхөөрөмжүүдийг бид ч ашиглаж байна.
Хоёр хөрш шинэ тоног төхөөрөмж туршиж суурилуулаад манай улс ийм тоног төхөөрөмж нэвтрүүлэх санаатай байнаа гээд мэдэгдэхэд манай улс аль хэдийнэ суурилуулаад туршчихсан, бэлэн байх зорилгоо бүрэн биелүүлж чадаж байгаа. Тухайлбал, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн ашиглалттай холбоотой нэг ажил гэхэд ОХУ, БНХАУ-ын агаарын хил руу орж гарч байгаа агаарын хөлгүүдийг зөвхөн телефон холбоогоор “манай улсын хилээс гарлаа, танай улсын хил рүү орлоо” гэж баталгаажуулж шилжүүлдэг байсан бол одоо компьютерээр шилжүүлж эхэлсэн. ОХУ-тай энэ ажиллагааг 100 хувь хэрэгжүүлээд ажиллаж байна. БНХАУ-тай туршилтын хэмжээнд ажил явагдаж байна.
-Боловсон хүчний хувьд мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролоороо танай инженерүүд ямар түвшинд байна вэ? Сүүлийн үеийн, олон улсад нэвтэрч байгаа тоног төхөөрөмжийг өөрийн улсдаа нэвтрүүлэх, ашиглах боллоо гэхэд инженерүүд гадны боловсон хүчнээс дутахааргүй ажиллаж чаддаг уу?
-Боловсон хүчний мэдлэг, чадамжийн асуудлыг ярина гэвэл бараг 30, 40 жилийн түүх ярих шаардлагатай болно. Өмнө нь монгол инженерүүд гадны улс оронд сураад ирдэг нэг үе байсан. Тэгээд гадаад инеженерүүдийн заавраар ажилладаг байв. Заавраар ажилласаныхаа дараа тухайн тоног төхөөрөмжийг эзэмших, суурилуулах болоход гадны зөвлөх инженерүүдийг авдаг байсан. Ингэж инженерүүдийн хөгжил үе шаттай явсаар байгаад сүүлийн 10 жилд манай инженерүүд өөрсдөө шинэ тоног, төхөөрөмжийг суурилуулах, зураглал гаргах, шаардлагаа бичих гэхчилэн дэлхийн хэмжээний инеженерүүдийн түвшинд ажиллаж, иргэний нисэхийн тоног, төхөөрөмж үйлдвэрлэгчдийн топ брэндүүдийг өөрсдийн хүчээр судалж боловсруулж чаддаг боловсон хүчинтэй болсон. Аливаа шинэ техник, тоног төхөөрөмж нэвтэрлээ гэхэд бусад төхөөрөмжтэйгөө хооронд нь холбож ажиллуулах шаардлага гардаг. Нэг төхөөөрөмж дангаараа үүрэг рольтой ажиллана гэж байдаггүй. Бүх тоног төхөөрөмж хоорондоо холбоотой байдаг юм. Энэ бүх холболтын ажиллагаа, зураг төсөл, тооцоо, программ хангамжийн нийцлийг манай инженерүүд өөрсдөө хийдэг болсон нь өмнөх үе үеийн агаарын навигацийн инженерүүдийн хөгжил шат дараатай ахиж ирсний илрэл. Азидаа манай инженерүүд тэргүүлэх зэрэгт нь явдаг.
Жишээлбэл, радарын ADSB системийг олон улстай зэрэг хэрэгжүүлээд нислэгийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Ингэснээр Азидаа ADSB-г нэвтрүүлсэн цөөхөн улсын нэгд буюу эхний 5-д манай улс жагсдаг. Үүгээр манай инженерүүдийн ур чадварыг хэр хэмжээнд хүрснийг хэмжиж болно. Гадаад улсын иргэний нисэхийн байгууллагууд дээр очоод туршлага солилцоход манай улсын инженерүүд тэргүүлэгч бусад улсуудын хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг адил хэмжээнд ярьж, санал солилцож чаддаг.
-Өнөөдрийн өдөрлөгийн хувьд гаднаас нь харвал яагаад нисэх дотроо нээлттэй хаалга хийв гэж хүмүүс сонирхож байж магад?
-ИНЕГ, харьяа алба, салбар байгууллагуудад нь нийт 3000 гаруй хүн ажилладаг нүсэр айл. Тиймээс энэ байгууллага дотроо ХНАА нь юу хийж хэрэгжүүлж байна вэ гэдгийг ажилтан хүн мэдэхгүй. Дотроо мэдлэг, мэдээлэлтэй байж гадагшаа чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа зөв гардаг байх болно. Тиймээс эхлээд дотроо үйл ажиллагаагаа таниулж, хөшигний цаадах олон хүний хөдөлмөр, албаны үйл ажиллагааг сурталчилснаар нисэхийн салбарын ажил нисгэгч онгоцоо жолоодож, агаарын хөлөгт зорчигч сууснаар төсөөлдөг энгийн иргэдийн төсөөлөл өөр болж нисэхийн салбарын үйл ажиллагааг арай илүү өргөн цар хүрээнд ойлгодог болно. Нөгөөтэйгүүр салбар доторх байгууллага хоорондын харилцан уялдаа хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Тухайлбал, бид нэг шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлье гэхэд санхүү нь үнэхээр энэ хэрэгтэй юу, яг ямар үр ашигтай вэ гэдгийг ойлгох, эсвэл орон нутаг руу тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хийхээр явья гэхэд авто бааз ач холбогдлыг нь ойлгодог байх гэх мэт ажлын уялдаа холбоо сайжирхад энэхүү өдөрлөг чухал ач холбогдолтой юм.