Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийнхэн хойд цэцэрлэгээ “Монгол-Оросын найрамдлын цэцэрлэг” хэмээн нэрлэж, өнөөдөр тус цэцэрлэгтээ мод тарилаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны 70 жилийн ой, бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагуудын төлөөлөл оролцож, 380 ширхэг мод, бут суулгалаа. ИНЕГ-аас Дэд дарга бөгөөд НААХЗА-ны дарга С.Манлай, ХЭЗДБГ-ын дарга П.Ариунболд, АТБТГ-ын дарга Г.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцож, цэцэрлэгт төгөл нэмэн, Улаанбаатар хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийнхэн өнөөдөр хойд цэцэрлэгийнхээ баруун хэсэгт мод, бут суулгасан бөгөөд цаашид зүүн хэсгийн цэцэрлэгээ мөн тохижуулж, төмөр замынхан төдийгүй Улаанбаатарчуудын амарч зугаалах нэгэн сайхан цэцэрлэг бий болгоно гэдгээ тус нийгэмлэгийн удирдлага онцолсон юм.