Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ой, Агаарын тээвэрчдийн баярын өдрийг угтан ИНЕГ-ын Нисэхийн сургалтын төвөөс салбарын ажилтнуудын англи хэлний мэдлэгийг сорьсон “BEST IN ENGLISH” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
ИНЕГ, түүний харьяа алба, салбарын ажилтнуудын англи хэлний мэдлэг, багаар ажиллах чадвар, англи хэл сурах сонирхол эрмэлзлэлийг дэмжих, ажилтнуудын англи хэлний мэдлэг ур чадварын түвшинг тодорхойлох, ур чадвараа сорих зорилготой тус тэмцээнд нийт 7 баг оролцлоо. Баг тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, багийн мэндчилгээ, ханийн сонин бүтээх, багийн ахлагч нарын тэмцээн, үг таах, англи хэл дээр дуу дуулах, өгүүлбэрийн бүтэц, өгөгдсөн бүтцээр өгүүлбэр зохиох, зөв хариултыг сонгох гэсэн 7 шаттайгаар өрсөлдлөө.
АНУ-ын Элчин сайдын яам болон манай улсад ажиллаж буй Олон улсын байгууллагын ажилтан, агаарын тээврийн компанид ажиллаж буй багш-нисгэгч гээд гадаадын гурван мэргэжилтнээр шүүлгэсэн тус тэмцээнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны баг түрүүллээ. Харин Холбоо, навигаци ажиглалтын албаны баг удаалж, “Чингис хаан” ОУНБ-ын баг гуравдугаар байр эзэллээ.