“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” ТББ-аас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Манай улсын иргэний нисэхийн салбарын хөгжил жил ирэх бүр эрчимжиж, агаарын тээврээр зорчигчдын тоо болон ачаа тээврийн үйлчилгээ өсөн нэмэгдэж байгаатай уялдаад иргэний нисэхийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай болж буй. Тиймээс иргэний агаарын тээврийн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийн ажлын байрыг сурталчлан таниулах, хүний нөөцийг сургах, хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн сан бүрдүүлэх үүднээс их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ажил горилогчдыг хамруулан энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон тус өдөрлөгт ИНЕГ, түүний харьяа бүх байгууллагууд, агаарын тээвэрлэгчид, иргэний нисэхийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд, нисэхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд оролцож, үйл ажиллагааны чиглэл, хүний нөөц, сул ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өглөө. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгүүлэх мэргэжлийн ажилтныг томилон ажиллуулж, сул ажлын байранд ажил горилогчдыг бүртгэх ажлыг зохион байгууллаа.
Жил бүрийн тавдугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний баярын өдрийг угтан зохиодог энэхүү өдөрлөг мэргэжлээ сонгох шатанд буй болон нисэхийн салбарт ажиллах сонирхолтой иргэдэд хүссэн мэдээллээ олж авах боломжийг олгосон, хүүхэд залуусын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болоод байгаа гэдгийг салбарын сайд болон иргэний нисэхийн удирдлага энд хэлсэн үгэндээ онцолсон юм.