Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн үйлчилгээний төлөвлөлт болон хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн дэд ажлын хэсэг болох Нислэгийн хөдөлгөөний менежментийн Хүнгүй нисэх төхөөрөмжийн 3 дугаар хурал Тайландын вант улсын Бангкок хотноо 2019 оны 3 дугаар сарын 04-нөөс 07-ны хооронд зохион байгуулагдаж ИНЕГ-ын АНБЗГ-ын мэргэжилтэн Х.Одхүү оролцлоо. Хуралд бүсийн 15 улс болон олон улсын 7 байгууллага(AAPA, CANSO, IATA, IFALPA, ICAO, WORLD ECONOMIC FORUM, THALES, TERRA DRONE) нийт 73 төлөөлөгч оролцлоо.
Хурлыг ICAO-ын Ази Номхон далайн бүсийн захирал Арун Мишрагийн нэрийн өмнөөс ICAO-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер нээж үг хэлсэн.
Хурлын даргаар Хятадын Нисэхийн хууль, стандартын Бейханг их сургуулийн захирал Лю Хао ажилласан бөгөөд нарийн бичгээр ИКАО-ын Ази Номхон далайн бүсийн нисэхийн хөдөлгөөн, нисэхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Шэйн Самнер ажилласан.
Хурлаар нийт 8 танилцуулга илтгэл хэлэлцүүлж, 11 WP, 8 IP-д үнэлэлт дүгнэлт өгсөн. Хурлаас 2 шийдвэрийн төсөл боловсруулагдаж APANPIRG-д хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
- Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг хэлэлцэж боловсруулсныг батлуулах.
- Хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичгийн төслийг боловсруулж дууссан тул APUAS TF ажлын хэсгийг татан буулгахаар шийдвэрлэснийг хэлэлцүүлэх.
Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж цаашид хурдацтай өсөн нэмэгдэж буй үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар асуулга тавьж тус хуралд оролцсон. Хуралд оролцсон улс орнууд мөн адил хурдацтай хөгжиж буй хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан баримт бичиг хэрэгтэй шаардлага тулгарч байгаагаа илэрхийлж байсан.
ICAO-ын зүгээс хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллахыг санал болгосон.
Монгол улсын хувьд хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан Ази номхон далайн бүсийн хэмжээнд баримтлах гарын авлага (Regional Guidance for the Regulation and Safe Operation within the National Airspace)-ийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд ажлын хэсэг нь 2 өдрийн хугацаанд баримт бичгийн төслийг боловсруулсан.
Энэхүү баримт бичгийн төслийг хурлын сүүлийн өдөр хэлэлцэн баталсан бөгөөд APANPIRG-д хэлэлцүүлэхээр санал нэгтэйгээр шийдвэрлэсэн.
2019 оны 11 сарын 08-нд APANPIRG-ын хуралдаанаар тус баримт бичгийг хэлэлцүүлэн батлуулсан тохиолдолд Ази номхон далайн бүсийн улс орон бүр өөрсдийн дотоодын баримт бичгүүддээ дүн шинжилгээ хийж шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулахыг зөвлөсөн.
Мөн APANPIRG-ын хуралдаанаар энэхүү баримт бичиг батлагдсан тохиолдолд тус ажлын хэсгийг татан буулгахаар тохиролцсон болно.
Тус хуралд оролцсоноор хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг зохицуулсан ICAO-ын анхны баримт бичиг боловсруулах ажлын хэсэгт орж санал солилцон ажилласан бөгөөд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний бодлогод хүнгүй нисэх төхөөрөмжийн үйл ажиллагааг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон.