Зам, тээвэр, хөгжлийн яамны харьяа байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан 60-аад ажилтан өнөөдөр ИНЕГ-ын харьяа алба, салбарт ажиллаж, харилцан туршлага солилцлоо.
Зам, тээврийн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болон Зам, тээврийн салбарын ХАБЭА-н салбар хорооны дарга нар “Харилцан туршлага солилцох ажлын удирдамж”-ийг батлаад байсан юм.
Энэхүү удирдамжийн хүрээнд туршлага солилцох дээрх арга хэмжээ ИНЕГ-т ийнхүү зохион байгуулагдсан.
ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар болон ИНЕГ-ын удирдлагууд, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүд, агаарын тээврийн компаниудын ажилтнууд мөн оролцсон энэхүү арга хэмжээний үеэр ИНЕГ-ын ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, НХҮА, ХНАА, АТГУА, Чингис хаан ОУНБ-ын Шуурхай удирдлагын төв, ГТҮА, МИАТ ХК-ний ХАБЭА-н үйл ажиллагаатай биечлэн танилцав.
Дэд сайд Л.Халтар оролцогчдод хандан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад хувь, хувьсгалын байгууллагад ялгаа байх ёсгүй. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах хамтын ажиллагаанаас ангид Үйлдвэрчний эвлэл гэж байж болохгүй. Хүний төлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаас мөнгө харамладаг, толгой сэгсэрдэг, буруу хардаг удирдлага, санхүүгийн дарга, нягтлан бодогч гэж бүүр байж болохгүй. Хүний төлөө, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахын төлөө, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад зарцуулсан аливаа мөнгө, санхүүжилтийн асуудал хэзээд буруудах учиргүй. Та бүхэн харьяа байгууллага бүрийнхээ төлөөлөл болж харилцан сайн туршлага солилцоод, дараа нь ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх тал дээр санаачлагатай байгаарай” гэлээ.
ХАБЭА-н үндэсний чуулган энэ оны тавдугаар сард Төрийн ордноо зохион байгуулагдахад Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар, МХЕГ-ын статистик мэдээгээр нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас барсан гэсэн мэдээлэлтэй байсан. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас улсын хэмжээнд нийт 3143 хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон байдаг. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд Зам, тээврийн салбарын хувьд байгууллагууд харилцан туршлага солилцох удирдамжийг батлан хэрэгжүүлж байгаа юм.
ИНЕГ-т 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 6 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 3 тохиолдол бүртгэгдээд байгаа. ИНЕГ-аас цаашид ХАБЭА-н тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, сургалт, зааварчилгаа, хөдөлмөрийн нөхцөл болон ажиллагсдын хандах хандлагыг сайжруулснаар тус салбарт ослыг тэглэх зорилт тавин ажиллаж байна.
Дээрх удирдамжийн дагуу туршлага солилцох арга хэмжээ өмнө нь Улаанбаатар төмөр зам ХНН-т өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан. Харин ирэх есдүгээр сард Авто, тээврийн үндэсний төвд, арваннэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн төвд тус зохион байгуулагдхаар төлөвлөгджээ.