Нийтлэгдсэн 2019-06-26

ВАЙН ЛӨҮ: SSP-Г ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ БЭЛТГЭЛ АЖЛУУД ХАНГАГДСАН БАЙНА

Нислэгийн аюулгүй ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварыг хадгалах Хойд Азийн бүсийн орнууд/БНХАУ, Хонг Конг, Макао, Хойд Солонгос, Өмнөд Солонгос болон Монгол улс/–ын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр/COSCAP-NA/-ийн техникийн зөвлөх Вайн Лөү ИНЕГ-т ажиллаад буцлаа. Түүний ирсэн зорилго, хийж гүйцэтгэсэн ажлын талаар тодруулга авсан юм..

– Юуны өмнө та өөрийгөө танилцуулж, ирсэн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Намайг Вайн Лөү гэдэг. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон нислэгт тэнцэх чадварыг хадгалах Хойд Азийн бүсийн орнуудын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр/COSCAP-NA/-ийн техникийн зөвлөхөөр ажилладаг. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь агаарын тээврийн аюулгүй ажиллагааг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд оршдог. Миний бие COSCAP-NA хөтөлбөрийн техникийн зөвлөхийн хувьд гишүүн орнуудад техникийн зөвлөгөө өгөх болон шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах зорилгоор ажилладаг. Энэ удаад Монгол улсад ирсэн зорилго нь Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/SSP/, Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо/SMS/, Эрсдэлд суурилсан хяналт/Risk based surveillance/ гэсэн чиглэлээр техникийн зөвлөгөө өгч, танилцуулга мэдээлэл хийлээ.

-Монгол улсад Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/SSP/-н хэрэгжилт ямар түвшинд байна гэж та дүгнэж байна?

-COSCAP-NA хөтөлбөрийн хувьд гишүүн орнуудынхаа иргэний нисэхийн үйл ажиллагааны тогтвортой байдал, төлөвшлийн түвшинг сайжруулах тал дээр анхаарч ажилладаг бөгөөд хөтөлбөрийн гишүүн орнуудын хувьд энэ түвшин харилцан адилгүй байдаг. Тухайлбал Хятад Улсын хувьд өөрөө том гүрэн, иргэний нисэхийн үйл ажиллагааны тогтвортой байдал, төлөвшил сайтай. Өмнөд Солонгос ч мөн адил төлөвшил сайн.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ийн аудит шалгалтын үнэлгээний хувьд хэлэхэд ICAO нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх аргачлалтай бөгөөд үүнийг ICAO-ийн аюулгүй ажиллагааны олон талт хөтөлбөр буюу USOAP гэж нэрлэдэг. ICAO гишүүн орнуудад тодорхой давтамжтайгаар аудит шалгалт хийдэг ба шалгалтын үр дүнг Хэлэлцэн тохирогч улс орнуудад мэдээллэдэг тогтолцоотой. Энэхүү хяналтын хөтөлбөрийн хүрээнд аудитын 8 чиглэлээр холбогдох хяналтын асуултуудаар гишүүн улсуудын нисэхийн аюулгүй ажиллагаатай холбоотой олон улсын стандарт, зөвлөмж, холбогдох журмуудын хэрэгжилт, тэдгээрт тавигдаж байгаа төрийн хяналт, аюулгүй ажиллагааны түвшинг хянан дүгнэдэг. Олон улсад агаарын тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа ICAO-ийн гишүүн орнууд бүгд адилхан хяналтын асуултуудын дагуу шалгагддаг. Шалгуулсан гишүүн орон аудитаар илэрсэн зөрчил дутагдлаа засаж залруулах арга хэмжээний төлөвлөгөө/Corrective Action Plan-CAP/-г боловсруулан гаргаж, ICAO-д хүргүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын хувьд 2010 онд бүрэн хэмжээний өргөтгөсөн аудит шалгалт болон 2017 оны ICAO ICVM on-site validation буюу үл тохирлыг хэрхэн залруулсныг баталгаажуулах аудит шалгалтуудад сайн дүн үзүүлсэн. Үүний үр дүнд Монгол улс нь иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн болон байгууллагад хяналт тавих чадамжтай гэж дүгнэгдсэн. Аудит шалгалтаар авсан үнэлгээ буюу “Effective Implementation” хэрэгжилтийн үр дүн 60%-с доошгүй байх шаардлагыг ICAO тавьдаг. Монгол улсын хувьд хэрэгжилтийн үр дүн 90.34%  байгаа нь маш сайн үзүүлэлт юм.

ICAO-ийн аудит үйл ажиллагааны дараагийн үе шат нь миний дээр хэлсэн хяналтын чиглэлээр бус Аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөр/SSP/-ийн хэрэгжилт рүү чиглэж байгаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааг хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах, агаарын тээвэрлэгч болон иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бий болгоход чиглэгдэх ёстой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 үе шатны хамгийн эхний үе шат нь 2018-2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд дараагийн үе нь 2020-2022 он юм. 2020 оноос ICAO-ийн аудит шалгалт иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийн/SSP/ хэрэгжилтийг шалгана.

Миний энэ удаа Монгол улсад ажиллаж байгаа томилолтын зорилго дээрх чиглэлээр тухайлбал аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмууд, хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдлага зохион байгуулалтын талаар техникийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг зөв зохион байгуулалттайгаар авах нь  Монгол улс төдийгүй ICAO-ийн бүх гишүүн орнуудад чухал шаардлагатай байна.

– Та манай улсад 3 дах удаагаа ирж байгаа юм байна. Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар таны өгөх зөвлөгөө юу байгаа бол?

-Дээр хэлсэнчлэн, танай улсын аудит шалгалтаар авсан үнэлгээ буюу “Effective Implementation” хэрэгжилтийн үр дүн сайн байгаа нь SSP-г хэрэгжүүлэх эхний үе шатны бэлтгэл ажлууд хангагдсан гэсэн үг. Дараагийн хийх хамгийн чухал ажил бол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөц бололцоо, мэдлэг чадвар бүхий баг бүрдүүлэх асуудал бөгөөд ажлын багт хэрэгжилтийг хангуулах, зохион байгуулах эрх бүхий албан тушаалтан орсон байх шаардлагатай. Тус баг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг чухал хэсэг болох Gap analysis буюу Зөрүүтэй/ялгаатай байдлын дүн шинжилгээ хийх шаардлагатай байна. Энэхүү дүн шинжилгээг хийх хэрэгсэл болох онлайн систем iSTARS дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өглөө. 2025 он гэхэд SSP хөтөлбөрийн хэрэгжилтийн 4 үе шатны арга хэмжээнүүд бүгд хийгдсэн байх ёстой. Одоогийн байдлаар танай улсын хувьд эдгээр үе шатны 1-р үе болох SSP-г хэрэгжүүлэх эхний бэлтгэл ажлууд хангагдсан гэж үзэж байгаа тул 2-р үеийн Gap analysis буюу Зөрүүтэй/ялгаатай байдлын дүн шинжилгээг хийх шаардлагатай байгааг дахин хэлэх байна.

Мөн 2019-2025 оны хооронд буюу SSP болон SMS-г хэрэгжүүлэх хугацаанд иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, агаарын тээвэрлэгчид болон иргэний нисэхийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бий болгон ажиллах шаардлагатай.

Хувийн зүгээс хэлэхэд, гаргасан амжилтаа бататгаж, иргэний нисэхийн тухай хуульдаа нисэхийн аюулгүй ажиллагааг хангах болон хянахад шаардагдах зохицуулалтуудыг оруулж хэрэгжүүлэх нь нэн чухал байна гэдгийг хэлмээр байна.

-Тодруулга яриа өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper