ИНЕГ-аас Олон улсын иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага/CANSO/-тай хамтран аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны семинарыг ирэх сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулна.
CANSO болон гишүүн байгууллагуудын аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны зөвлөмж, туршлагыг судлах, нэвтрүүлэх, агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны хэрэгжилтийг сайжруулах мэдлэг, туршлага хуримтлуулахад энэхүү семинарын гол зорилго оршиж байгаа юм.
Тус байгууллагын Аюулгүй ажиллагааны менежер Шэйн Кемпбэл, Ази номхон далайн бүсийн захирал Хай Инг Чиан нар үндсэн илтгэл тавихаас гадна НААХЗА-ны Аюулгүй ажиллагааны үндэсний хөтөлбөрийн Агаарын навигацийн үйлчилгээний хэрэгжилт, АНБЗГ-ын Аюулгүй ажиллагааны менежментийн тогтолцооны хэрэгжилт, CANSO-ын Аюулгүй ажиллагааны менежментийн зөв соёлыг бүрдүүлэх, “Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны үндсэн хэсгүүдийн ерөнхий тойм–Аюулгүй ажиллагааны бодлого болон зорилгууд, Аюулгүй ажиллагааны эрсдэлийн удирдлага, Аюулгүй ажиллагааны гүйцэтгэл, ололт амжилт, Аюулгүй ажиллагааны баталгаажуулалт, Аюулгүй ажиллагааны дэмжлэг, урамшуулал”, Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлээр боловсруулсан Эрхэм чанарын стандарт /Standard of Excellence/, Гишүүн байгууллагууд болон Евроконтролын улс орнуудын туршлага, жишээ, SEANS аюулгүй ажиллагааны үнэлгээ /safety assessment/, Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнөх юм байна.
CANSO нь эгнээндээ 90 гаруй улс орны агаарын навигацийн үйлчилгээний байгууллагыг жинхэнэ гишүүнээр нэгтгэсэн бөгөөд дэлхийн нийт агаарын орон зайн 85 хувьд агаарын навигацийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн нисэхийн болон нислэгийн хөдөлгөөний менежментийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, судалгаа шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод гэх мэт 90 гаруй дэмжигч гишүүнтэй, дэлхийн иргэний нисэхийн системд нөлөө бүхий олон улсын байгууллага юм. ИНЕГ нь CANSO-ын жинхэнэ гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь тогтмол идэвхтэй оролцож байна.
CANSO-ын танилцуулгыг энд дарж үзнэ үү.