Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Канад улсын Монтреаль хотноо 2019 оны 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Traveller Identification Programme”/TRIP/ олон улсын симпозиумд Монгол улсаас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид болон ИНЕГ-Тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нар оролцоод ирлээ.
15 дахь удаагийн энэхүү симпозиум нь “Цаасан баримт бичгээс цахим баримт бичиг рүү шилжих нь” гэсэн уриатай бөгөөд газар зүйн байрлал болон технологийн ялгаатай улс орнуудыг нэгтгэн холбох зорилготой. Мөн агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн биометрийн мэдээллийг ашиглан тухайн зорчигчийг таних орчин үеийн технологийн талаарх цогц ойлголтыг гишүүн улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор зохион байгуулжээ.
Агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өсөх тутам тус салбарын ажилтнууд, хилийн хяналтын байгууллагууд болон аялалтай холбоотой баримт бичгүүдийг хэвлэн гаргадаг байгууллагуудын хувьд технологийн дэвшлийг ашиглан илүү аюулгүй, илүү үр ашигтай, эрсдэлгүй боломжуудыг эрэлхийлж байгаа юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр нь нисэхийн аюулгүй байдал болон аялал жуулчлалд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч гишүүн бүх орнуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. Мөн симпозиумд зориулан гаргасан үзэсгэлэн дээр нисэхийн аюулгүй байдал, хилийн хяналтын үйл ажиллагаанд зориулагдсан автоматжуулсан хилийн хяналтын систем, үнэмлэхний програм хангамж зэрэг дэвшилтэт шинэ технологийг өргөнөөр танилцуулсан байна.