Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон манай улсын анхны хурдны зам ашиглалтад орлоо.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан, “Яармагийн товчоо-Айцын даваа- Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-хөшигийн хөндий” чиглэлийн 32,226 км урт, асфальтбетон хучилттай энэхүү зам нь хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам доллар ба барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэжээ.
Хурдны замын нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын албаны хүмүүс оролцлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурдны замыг ашиглалтад хүлээн авах ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгуудын төвүүдийг нийслэл хоттой холбох зэрэг дэд бүтцийн олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж, Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гээд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажилласан төрийн байгууллагууд, дотоод, гадаадын аж ахуй нэгжүүд, гүйцэтгэгч компаниуд, хамтран ажилласан бүх байгуулага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин энд хэлсэн үгэндээ “Энэхүү зам нь Монголын улсын анхны хурдны зам бөгөөд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт болох тус зам нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, өнгө төрхийг өөрчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулах болно” гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд 32,2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам, дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг гүүр, 21 ширхэг нүхэн гарц/явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал амьтан нэвтрэх зориулалттай/, 28 ширхэг дугуй хоолой тус тус баригджээ.
Барилгын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг ЗТХЯ болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулж, 2016 оны зургадугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд ажиллажээ. Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн байна.