Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба/НААХЗА/-наас нислэгийн аюулгүй ажиллагаа зөрчсөн агаарын тээврийн компаниудыг торгож, анхааруулга өглөө.
Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч компаниуд нь ИНД-121 болон ИНД-135 дугаар дүрмийн дагуу аливаа агаарын хөлгийг арилжааны агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглахдаа тус агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан хөөрөлт буултын үеийн арын салхины, авах ачаалалтын, хүндийн төвийн болон бусад хязгаарлалтуудыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг.
НААХЗА-наас 2019 он гарсаар агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч компаниудад хийсэн төлөвлөгөөт үзлэг шалгалтаар илэрсэн болон ИНЕГ-н салбар албадаас ирүүлсэн мэдээллийн дагуу дээр дурдсан хязгаарлалтуудыг хэтрүүлсэн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, ИНД-121 дугаар дүрмийн дагуу гэрчилгээжсэн 1, ИНД-135 дугаар дүрмийн дагуу гэрчилгээжсэн 2 агаарын тээвэрлэгчийн гаргасан 6 удаагийн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.8 дагуу албан байгууллагыг 3 удаа, нийт 900 нэгж буюу 9 сая төгрөгөөр, хувь хүнийг 4 удаа нийт 1200 нэгж буюу 1 сая 200 мянган төгрөгөөр торгож, шийтгэлийн арга хэмжээ авчээ. Цаашид эдгээр зөрчлүүд давтагдан гарч нислэгийн аюулгүй ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.8-н 3 зүйлийн дагуу гэрчилгээ эзэмшигчийн нислэг үйлдэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ авахад хүргэхийг Тээврийн прокурорын газраас анхааруулсан байна.
Иймд Иргэний нисэхийн багц дүрэм/ИНБД/-ийн дагуу гэрчилгээжиж агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэж байгаа компаниуд, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нь Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 39 дүгээр зүйлээр хүлээсэн нийтийн ашиг сонирхолд нийцсэн аюулгүй, найдвартай үйл ажиллагаа явуулах үүргээ ухамсарлаж, ИНБД, компанийн заавар журам, агаарын хөлөг үйлдвэрлэгчийн зааврууд, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний хавсралт, үйл ажиллагааны тодорхойлолт зэргээр тогтоож өгсөн үйл ажиллагааны журам, хязгаарлалтуудыг дагаж мөрдөн нислэгийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг анхаарууллаа.