Стратегийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг бодлогын баримт бичиг, статистикийн мэдээ, салбарын болон орон нутгийн мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
Стратегийн зорилт бүрийг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчинд бий болох үр дүнг бодитойгоор тодорхойлох;
Стратегийн зорилт тус бүрийн хүрээнд 1-5 хүртэлх тооны үр дүнг тодорхойлж, тухайн үр дүн бүрт 2-оос доошгүй үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
Стратегийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт бүрийн хувьд суурь он, суурь түвшин, зорилтот он болон хүрэх түвшин, мэдээллийн эх сурвалжийг тодорхойлсон байх;
Стратегийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн хүрэх түвшин нь тодорхой байгаа үед завсрын онуудын хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах 3 үе шатыг баримталж тодорхойлно:
– Суурь түвшнээс эцсийн хүрэх түвшин хүртэлх завсрын онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг жил бүр жигд өөрчлөлттэй байх нөхцлөөр тооцно.
– Шалгуур үзүүлэлтийн сүүлийн 4-8 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож гаргана. Өмнөх онуудын дундаж өөрчлөлтийн хувийг суурь түвшнээс эцсийн хүрэх түвшин хүртэл тооцсон хувьтай харьцуулна.
– Хүрэх түвшингийн жигд өөрчлөлтийн тооцоонд гадаад, дотоод хүчин зүйл, эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн чиг хандлага, төлөвлөсөн томоохон зорилт, арга хэмжээ зэргийг харгалзан засвар өөрчлөлт хийнэ.
Стратегийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн эцсийн хүрэх түвшин нь тодорхой бус үед завсрын онуудын болон эцсийн хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах 3 үе шатыг баримталж тодорхойлно:
– Шалгуур үзүүлэлтийн сүүлийн 4-8 жилийн дундаж өөрчлөлтийн хувийг тооцож, түүнд үндэслэн хүрэх түвшинг төсөөлнө. Өмнөх онуудын тоо мэдээлэл хангалтгүй шалгуур үзүүлэлтүүдийн хувьд, тухайн шалгуур үзүүлэлт нь тогтсон норм, нормативтай бол түүнийг үндэслэн, эсхүл тодорхой мэдэгдэж байгаа хугацааны өөрчлөлтийг харгалзаж үзнэ.
– Өмнөх онуудын жилийн дундаж өөрчлөлтийн хувийг 3 хувилбараар (олон жилийн дунджаас доогуур, олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дээгүүр) авч, суурь оноос эхлэн жил бүр тогтмол өөрчлөлттэй байх нөхцлөөр хүрэх түвшинг тооцно.
– Стратеги төлөвлөгөөний төсөлд тусгасан стратегийн зорилт, арга хэмжээ, макро эдийн засгийн бодлогын нөлөө, нэмэлт тооцоо, судалгаа зэргийг харгалзан бодит нөхцөлд тохируулан хүрэх түвшний үзүүлэлтэд зохих өөрчлөлт оруулна.