Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг тайлагнах
Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагуудад нийцүүлэн жилийн эцсээр нэгтгэж гаргана.
Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд тухайн зорилт, арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшинд хүрсэн эсэх, хүрээгүй бол шалтгаан, нөхцлийг тодорхой тусгах бөгөөд мэдээллийн үнэн, зөв байдлыг холбогдох нэгж, албан тушаалтан хариуцна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж, албан тушаалтан тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд төсвийн шууд захирагч тайланг албажуулан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг дээд шатны байгууллагад хугацаа хоцорч хүргүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч байр эзлүүлэхэд харгалзаж үзнэ.
Стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлэх
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгж “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
Төлөвлөгөөнд санхүүгийн эх үүсвэргүй тусгасан арга хэмжээний / бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төсөвт тусгагдаагүй / биелэлтийг үнэлэхгүй байж болно. Харин байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц арга хэмжээнүүдийн биелэлтийг үнэлнэ.
Төсвийн ерөнхийлөн захирагч дараах тохиолдолд сул төлөвлөлт гэж үзэн үнэлгээг бууруулна.
– Зорилт, арга хэмжээг стратегийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөгөөгүй;
– Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаагүй;
– Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлоогүй;
– Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдал гаргасан;
– Стратегийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангаагүй.
Стратегийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг сайд, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд хурлаас гарсан дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.