Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах
Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох
Байгууллагын, зохион байгуулалтын нэгжийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлтийг стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, статистикийн мэдээ, салбарын болон орон нутгийн мэдээлэлд үндэслэн дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
Стратеги төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний хавсралт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилтуудыг нэгтгэж, нэг гүйцэтгэлийн зорилт болгон тодорхойлох;
Стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтын хүрээнд хүлээгдэж байгаа өөрчлөлтийг илэрхийлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох бөгөөд гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ нь хоорондоо нягт уялдсан байх;
Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчин, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, аливаа байгууллагын үйл ажиллагаанд бий болох үр дүн, түүнийг хэмжих шалгуур үзүүлэлтийг бодитойгоор тодорхойлох;
Шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин нь тухайн жилдээ хэрэгжих боломжтой, тоон ба чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц байх;
Гүйцэтгэлийн зорилт тус бүрийн хүрээнд 1-ээс доошгүй тооны үр дүнг тодорхойлж, тухайн үр дүн бүрт 2-оос доошгүй үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ бүрт 1-ээс доошгүй шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр тодорхойлох;
Зохион байгуулалтын нэгжийн болон ТЖАХ-ийн гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг хагас, бүтэн жилээр, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг улирлаар тодорхойлох;
Гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ болон арга хэмжээг хэрэгжүүлэх ажил үйлчилгээг ялгаж тодорхойлох;
Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнд тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална:
– Суурь түвшнээс хүрэх түвшин тодорхой байгаа үед өөрчлөлтийг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний онцлогоос шалтгаалан улирал бүрээр нарийвчлан тооцно. / Тодорхой арга хэлбэр, дэс дараалал, журам, заавар, аргачлалын дагуу /
– Суурь түвшнээс хүрэх түвшинг тодорхой бус үед ижил төстэй гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний сүүлийн 3 жилийн дундаж, өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн мэдээлэлд үндэслэн улирлаар өөрчлөлтийг тооцно.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр нарийвчлан тусгасан байна. Санхүүжилтийн эх үүсвэргүй зорилт, арга хэмжээг / зардал нь төсөвт тусгагдаагүй / гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй. Байгууллагын дотоод нөөц бололцоог ашиглан хэрэгжүүлж болохуйц зорилт, арга хэмжээг энд хэлээгүйг анхаарна уу.
Байгууллагын гүйцэтгэлийн зорилтын төрлийг тодорхойлох
Байгууллагын гүйцэтгэлийн зорилтыг тодорхойлохдоо дараах аргачлалыг баримтална.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт гэж хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудад багтсан төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн зорилтыг хэлнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт гэж дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтуудаас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтууд болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хасч тооцсон зорилтыг хэлнэ.
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж тухайн шатны төрийн байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн зорилт. Үүнд: бодлого боловсруулах, зохицуулах, зохион байгуулах, төрийн үйлчилгээ үзүүлэх … гэх мэт.
Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт гэж бүх шатны төрийн байгууллагад хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн зорилт. Үүнд: захиргаа, хүний нөөц, төсөв санхүү, хууль, эрх зүй, хяналт-шинжилгээ, үнэлгээ, гадаад харилцаа … гэх мэт.
Стратегийн зорилт болон байгууллагын гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах
Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор байгууллагууд гүйцэтгэлийн зорилтыг төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу томьёолох бөгөөд тухайн зорилтуудыг хэрэгжүүлснээр стратегийн зорилт биелэх боломжтой эсэхийг доорх аргачлалаар шалгаж үзнэ үү.
Төсвийн Ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь стратегийн зорилтын шалгуур үзүүлэлтийн тухайн жилийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал байгууллагуудын гүйцэтгэлийн зорилтуудыг хэрэгжүүлснээр стратегийн зорилт биелэх буюу тухайн жилийн хүлээгдэж буй үр дүнд хүрнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед стратегийн зорилт болон байгууллагуудын гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг дахин нягталж, холбогдох байгууллагаар төлөвлөлтийг засуулаххэрэгтэй.
Төсвийн Ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөгхянаж, гарын үсэг зуран баталгаажуулахдаа энэхүү аргачлалыг ашиглана. Энэ нь хэрэгжилтийн эхнээс л алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, мөн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Байгууллагын гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах
Төлөвлөгөөнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлага, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалын дагуу байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөсний дараа тухайн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр байгууллагын гүйцэтгэлийн зорилт биелэх боломжтой эсэхийг энэхүү аргачлалаар шалгаж үзнэ үү.
Байгууллагын гүйцэтгэлийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн шалгуур үзүүлэлтүүдийн хүрэх түвшний нийлбэр нь байгууллагын гүйцэтгэлийн зорилтын шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг өөртөө агуулах, эсхүл тэнцэж байвал уг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр байгууллагын гүйцэтгэлийн зорилт биелнэ гэж үзэж болно. Харин эсрэг тохиолдолд төлөвлөлт буруу байна гэсэн үг. Энэ үед байгууллагын гүйцэтгэлийн зорилт болон арга хэмжээнүүд хоорондын уялдааг дахин нягталж, төлөвлөлтөө засах хэрэгтэй.