Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах заавар
Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:
1. Зорилт, арга хэмжээг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөх
2. Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангасан байх
3. Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшингнарийвчлан тодорхойлсон байх
4. Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлуудыг гаргахгүй байх
5. Байгууллагын болон зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн зорилт хоорондын уялдааг хангах
6. Нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах
Төлөвлөгөөний агуулга
Зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь дараах 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
- Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
- Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
- Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэгт хамаарах дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан боловч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.
Хэрэв бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ байхгүй бол нэгжийн төлөвлөгөөнд энэ хэсэг орох шаардлагагүй.
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэгт хамаарах хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх болон бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Хэрэв тухайн нэгж төрийн үйлчилгээ үзүүлдэггүй бол нэгжийн төлөвлөгөөнд энэ хэсэг орох шаардлагагүй.
Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэгт хамаарах хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, хүрэх үр дүнгүүдийг энэ хэсэгт бичнэ.
Бодлогын баримт бичигт тусгагдсан болон төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээнүүд энэ хэсэгт орохгүйг анхаарна уу.
Гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах
Зохион байгуулалтын нэгж байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэн чиг үүргийн дагуу хагас жилээр төлөвлөгөө боловсруулж, тухайн оны 01, 07 дугаар сарын 05-ны дотор төсвийн шууд захирагчаар батлуулан хэрэгжүүлнэ.
Төсвийн шууд захирагч нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахаас / хэрэгжилтийн үе шатанд орох / өмнө дараах 4 асуудлыг нягталж шалгах ёстой. Үүнд:
– Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна уу?
– Үр дүнг хэмжиж болохуйц байх үүднээс зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлсон уу?
– Хэрэгжилт хэрхэн явагдах, амжилттай хэрэгжилтийг хангалтгүй хэрэгжилтээс ялгах үндэслэл сайтай, бодитой ажлын төлөвлөгөө байна уу?
– Нөөцийн хуваарилалт нь тодорхойлсон үр дүнд хүрэхэд тавигдах шаардлагыг хангасан байна уу?
Энэхүү үнэлгээний зорилго нь хэрэгжилтийн эхнээс алдаа гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.