Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах
Төрийн жинхэнэ албан хаагч ажлын гүйцэтгэлээ стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнахад тавигдах шаардлагыг бүрэн хангаж тайлагнах ёстой.
Хэрэв албан хаагч тайланд тавигдах шаардлагуудыг хангаж гүйцэтгэлээ тайлагнаагүй тохиолдолд нэгжийн дарга тухайн арга хэмжээний гүйцэтгэлийг тайлангийн чанар муу гэж үзэн үнэлгээг бууруулна.
Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайлангаа удаа дараа хугацаа хоцроосон / хоёр ба түүнээс дээш / тохиолдолд нэгжийн дарга нэг удаа сануулж, дараагийн удаа байгууллагын үнэлгээний багт мэдэгдэнэ.
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ
“ХАНГАЛТГҮЙ” гэдэг үнэлгээг зорилт, арга хэмжээг илүү сайн тодорхойлох / сул төлөвлөлт / шаардлагатай, шалгуур үзүүлэлт нь хүрэх түвшиндээ хүрээгүй, төсөв хөрөнгийг үр дүнтэй зарцуулж чадаагүй, удирдлага зохион байгуулалт муу / хангалтгүй хэрэгжилт /, эсхүл тайланд тавигдах шаардлагын дагуу тайлагнаагүй / тайлангийн чанар муу / тохиолдолд өгнө.
“ХАНГАЛТТАЙ” гэдэг үнэлгээг зорилт, арга хэмжээ нь оновчтой / сайн төлөвлөлт / тодорхойлогдсон, шалгуур үзүүлэлт нь хүрэх түвшиндээ бүрэн хүрсэн, удирдлага зохион байгуулалт сайн / сайн хэрэгжилт /, тайланд тавигдах шаардлагын дагуу тайлагнасан / тайлангийн чанар сайн / тохиолдолд өгнө.
Нэгжийн дарга дараах тохиолдолд сул төлөвлөлт гэж үзэн үнэлгээг бууруулна.
– Зорилт, арга хэмжээг гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлох аргачлалд нийцүүлэн төлөвлөгөөгүй;
– Төлөвлөгөө боловсруулахад тавигдах нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаагүй;
– Шалгуур үзүүлэлтэд тавигдах шаардлагын дагуу шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлоогүй;
– Шалгуур үзүүлэлт боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа дутагдлыг гаргасан;
– Стратегийн болон гүйцэтгэлийн зорилтууд, гүйцэтгэлийн зорилтууд хоорондын уялдааг хангаагүй;
– Зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангаагүй.
Нэгжийн дарга хангалтгүй хэрэгжилт гэсэн үнэлгээг өгсөн бол албан хаагчтай дараах асуудлаар ярилцан хангалтгүй гэж дүгнэхэд хүргэсэн шалтгааныг тодруулж, цаашид гаргахгүй байх талаар анхаарч ажиллана.
– Хийх ёстой ажлуудаа цагт нь хийсэн үү? Хийгээгүй бол яагаад?
– Хэзээ, ямар дарааллаар хийсэн бэ? Холбогдох журам, заавар, аргачлалын дагуу хийсэн үү?
– Ямар хэмжээний дэмжлэг байсан бэ? Дэмжлэг дутагдсан уу?
– Ажилтны мэдлэг, туршлага ямар байсан бэ? Ямар мэдлэг чадвар, дадлага туршлага дутагдав?