Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо өнөөдөр эхэллээ.
Энэ долоо хоногийн турш /2019.8.19-23/ үргэлжлэх тус чуулганд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Жил бүр зохион байгуулагддаг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 50 гаруй орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцож байна. Түүнчлэн Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын зөвлөлийн ерөнхийлөгч, доктор Олумуива Бенард, Бүсийн захирал ноён Арун Мишра болон олон улсын байгууллагуудын зочин төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
“DGCA-56” хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан 55 дугаар хурлаас хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэнэ. Мөн хурлын үеэр COSCAP-NA гишүүн улсуудын төлөөлөгчдийн уулзалт, бусад салбар хуралдаанууд болох юм.
Түүнээс гадна АНУ-ын FAA/Нисэх хүчний байгууллага/-аас ирсэн төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж “B737-800 Мах” загварын агаарын хөлгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч санал солилцхоор байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө “DGCA-54” хурал манай улсад зохион байгуулагдаж байсан билээ. “Бага АСЕМ” гэж нэрийддэг энэ хурал Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн салбарын хувьд өндөр ач холбогдолтой олон улсын хуралд тооцогддог юм.