Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улсын нийслэл Катманду хотноо болж буй DGCA-56 хурлын хоёр дах өдрийн хуралдааны төгсгөлд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа буюу FAA, “Бойнг” компанийн төлөөллүүд Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж “B737 MAX” маягийн агаарын хөлгийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллийн эхэнд уулзалтанд оролцогчдыг ямар нэг зураг, бичлэг хийхгүй байхыг сануулснаар эхэлсэн.
“Бойнг” компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр “Boeing 737 Max” агаарын хөлөгт программ хангамжийн шинэчлэлт хийж дууссан байна.
Түүнчлэн FAA-ийн хяналт доор олон удаагийн давтамжтай инженерчлэл туршилт, шалгах нислэгүүдийг үйлджээ. БОЙНГ компаниас программ хангамж, агаарын хөлгийн хяналтын дэлгэцийн шинэчлэлт, үүнтэй холбоотойгоор холбогдох журам, заавар, сургалтын материалд дагалдах өөрчлөлтүүдийг боловсруулан тэдгээрийг FAA-д хүргүүлсэн байна.
Үндсэндээ “Бойнг” компанийн зүгээс хийгдэх ёстой ажил, арга хэмжээнүүд дууссан, одоо FAA-ийн шийдвэрийг хүлээж байна гэдгээ мэдэгдлээ. Улмаар энэ оны аравдугаар сарын эцсээр түр техникийн зогсолт хийгдээд байгаа “Boeing 737 Max” маягийн агаарын хөлгийг ашиглалтад оруулах боломжтой болно гэлээ.
Агаарын хөлгийн программ шинэчлэлт, түүнийг дагалдсан заавар журмын өөрчлөлттэй холбоотойгоор авиакомпаниудын холбогдох ажилтнуудад богино хугацааны танхимын сургалт хийгдэхэд хангалттай гэж “Бойнг”-ийнхон үзэж байна. Гэхдээ улс орнуудын Иргэний нисэхийн удирдах байгууллагаас нэмэлт сургалт, дадлагыг шаардаж болох юм.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа/FAA/-ын зүгээс “Бойнг компанийн агаарын хөлөгт хийсэн программ шинэчлэл, дагалдах журам, сургалтын программын өөрчлөлтүүдийг нягталж байна” хэмээн мэдээлсэн. Түүнчлэн “B737 MAX” маягийн агаарын хөлөгт хийсэн загварын өөрчлөлтийг гэрчилгээжүүлэх ажил хийгдэж байна гэв.
“DGCA-56” чуулган 3 дах өдрөө салбар хуралдаануудаар үргэлжилж байна.