Монгол Улсын зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл өгөх, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготойгоор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт ИНЕГ болон нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч төр, хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.
Энэ үеэр Нисэхийн аюулгүй ажиллагаа, түүнд тавих хяналт зохицуулалт, нисэх буудлын үйл ажиллагаа, зорчигчдын тээшинд хийдэг үзлэг, шалгалт, шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт, нисэхийн чиглэлийн мэргэжлүүдийн талаар иргэдэд мэдээлэл, танилцуулга хийлээ. Түүнчлэн өдөрлөгийг зорьж ирсэн бяцхан хүүхдүүдэд зураг будах даалгавар өгч урамшуулах, үнэрч нохойн үзүүлбэр, зорчигчдын сэтгэл ханамжийн судалгааг авах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Иргэний нисэхийн салбарт 2016-2019 онд хийгдсэн онцлох ажлуудыг ч мөн танилцууллаа.
Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй ИНЕГ 2017 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бүрэн хэмжээний аудит шалгалтад амжилттай хамрагдсанаар өдгөө аюулгүй байдлын үзүүлэлтээрээ Ази, номхон далайн бүсийн орнуудад эхний 4-т бичигдэж байгаа билээ. 2019 он гарсаар БНСУ-тай хийсэн агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж Улаанбаатар-Сөүл хоорондын нислэгийн давтамжийг Монголын талаас долоо хоногт 11 хүртэл, Солонгосын талаас 9 хүртэл байхаар тохиролцон хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Түүнчлэн Япон монголын хамтарсан “Нью интернэшнл эйрпорт” компанид шинэ нисэх буудлыг концессийн гэрээгээр хүлээлгэн өгч үйл ажиллагааг нь эхлүүлсэн, Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, либералчлах ажил хэрэгжүүлсний үр дүнд Сөүл-Улаанбаатар чиглэлд 2 дахь агаарын тээвэрлэгч “Ашиана эйрлайнс” компани нислэг үйлдэж байна. Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөж, ашиглалтад оруулсан. Завхан аймгийн Доной нисэх буудлын хөөрч буух зурвасыг хатуу хучилттай болгох бүтээн байгуулалтын ажил дуусч нислэг үйлдэж эхэлсэн. Засгийн газрын хуралдаанаар “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” батлагдав. Ингэснээр орон нутгийн нислэг сэргэж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авах иргэд хөнгөлөлттэй үнийн тарифаар зорчих боломж нээгджээ. Иргэний нисэхийн салбарт хийгдсэн эдгээр бүтээн байгуулалт, ажлуудын талаарх мэдээллүүдийг иргэд ийнхүү нэг дороос авч байв.
“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт оролцсон МИАТ, Хүннү эйр, Аэромонголиа, Изнис эйрвэйс авиа компаниуд иргэдийн дундаас азтан шалгаруулж тийзний эрх бэлэглэлээ.